20 мянган айлд цахилгаан халаагуур тараахаас эхлээд метро, дүүжин тээвэр бүгд эрчим хүч хангалтгүйгээс гацна

Нийслэлийн удирдлагад багаараа ирсэн Х.Нямбаатар нар цээжний бангаар баахан бүтээн байгуулалтын ажил эхлэх юм ярьцгаасан. Тухайлахад нийслэлийн түгжрээг багасгахын тулд метро тавих, дүүжин тээвэр нэвтрүүлэх гэх мэт. Мөн утааг бууруулахын тулд яндангүй болгож цахилгаан халаагуур 20 мянган айлд тараахаар шийдсэнээ ярьж байв.

Гэвч яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5000  байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах ажлыг зогсоожээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбарлахдаа “Нэг ширхэг цахилгаан зуух худалдаж аваагүй ээ. Бид Эрчим хүчний яамтай 2023 оны аравдугаар сард хийсэн уулзалтын үеэр 20 мянга орчим цахилгаан зуух худалдан авч болно гэдэг асуудлыг ярьж байсан.

Өнгөрсөн 2019 оноос хийсэн судалгаагаар нийтдээ 43 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэж байсан.

Харамсалтай нь 2023 оны арванхоёрдугаар сард эрчим хүчний салбарын ачаалал 12.3 хувиар огцом нэмэгдсэн учраас цахилгаан зуухыг олноор ажиллуулбал систем дийлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд өгч, хязгаарлалт хийж эхэлсэн. Нэгэнт ийм болсон учраас энэ худалдан авалтыг бүрмөсөн зогсоосон. Төсвийн тодотголоор энэ мөнгийг ямар асуудалд тусгасныг мэдээлнэ” гэж мэдэгдлээ.

Нийслэлийн 2024 оны төсвийг 2.6 их наяд орчим төгрөгийн орлоготой, 1.1 их наяд орчим төгрөгийн зарлагатай, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталж байв. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй баталсан юм.

Өнөөдөр уг төсвөө тодотгож буй. Мөн ирэх намраас эхлээд эрчим хүч ачааллаа дийлэхгүй учраас 50 хувийн халаалтын горимд шилжих асуудал ч яригдаж байна. Ингэхээр эрчим хүчээр ажилладаг метро, дүүжин тээвэр ч ойрын үед баригдах боломжгүй гэдэг нь тодорхой.

2.5 сая хүнтэй хотод метро тавьж байж зардлаа нөхдөг гэх. Гэтэл манайх хэдэн хүнтэй, тэднийгээ хөдөө, орон нутаг руу явуулж цөөлөх гээд сууж байгаа хот биз дээ. Тэгээд ч Амгалангаас Толгойт хүртэл метроны ганц шугамыг 5 их наядаар бариад нийслэл хот түгжрээгүй болно гэвэл түүн шиг инээдтэй юм байхгүй ш д. Өөрсдийгөө том хотын иргэд гэж боддог, тиймээс ийм үл гүйцэлдэх санааг гаргаж ирсэн сошиалын болон улстөрийн зарим томчуудын бодлыг биелүүлэх гэж ингэж яадгаа алдаж хэрэггүйг зөвлөмөөр санагдана.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn