ОХУ-аас Монголд нийлүүлж буй шатахууныг тогтвортой байлгах хэлэлцээрийг байгуулахаар санал солилцож байна

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 19-нд Москва хотноо Роснефть компанийн удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтын үеэр манай талаас 2024 онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг тогтвортой байлгах зэрэг асуудлыг хэлэлцэж, Роснефть компанийн зүгээс бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцжээ.

Мөн тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцсэн байна.

Хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх ач холбогдолтой. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.

Засгийн газраас өнгөрсөн сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Б.Уянгыг томилсон юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn