“С.Батдөлийн хахууль авсан гэмт хэрэгт оногдуулсан 8 жил хорих ялыг 7 болгосныг Дээд шүүх зөв гэж дүгнэсэн”

2024-02-08

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг өчигдөр хянан хэлэлцжээ.

Шүүхийн шийдвэрийн талаар Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Хэрэгт авагдсан нотлох баримт, прокурорын хуульзүйн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг шинжлэн судалж үзлээ.

Шүүгдэгч С.Батдөлийн хувьд  УБТЗ ХНН-ийн Тээвэр Зохион Байгуулалтын Албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 11 удаагийн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нараас 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч С.Баттулга иргэн Ж.Багамонголоос 235 сая төгрөгийн хахууль авах үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон.

Шүүгдэгч Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн.

Дээрх гэмт хэргээс гадна С.Батдөл нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөөр Чингэлтэй дүүргийн Тасганы овоо, 23, 1 дүгээр байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хоёр хөрөнгийг худалдан авсан. Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд үйлчилгээний зориулалттай хоёр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны үед нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүх хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан 8 жил хорих ялыг 7 жил болгож, хөнгөрүүлэн өөрчилсөн. Уг шийдвэрийг гаргахдаа эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

Хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзээд шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэлээ. Шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах тухай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хувьд хураагдсан 5.4 тэрбум төгрөгийг хахууль авах замаар олсон мөнгө гэж өмгөөлөгч тайлбарласан. Энэхүү нөхцөл байдлыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл шинэ нөхцөл байдлын улмаас хэрэг шалгагдах боломжтой.

Өмгөөлөгч нар шүүгдэгч С.Батдөл үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа хууль ёсны хөрөнгийг хууль бус хөрөнгөтэй нийлүүлж худалдаж авсан. Эдгээрийг салгаж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгуулах гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох Чингэлтэй дүүргийн Тасганы овооны орон сууцанд болон Хан-Уул дүүрэг, Ривер гарден хотхонд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан атлаа дээрх үйлдэлд давхардуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн ч магадлалын тогтоох хэсэгт заагаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвтгөсөн нэмэлт өөрчлөлт оруулж байна. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Долгорт хураагдсан хөрөнгөөс 100 сая төгрөг нөхөн төлөгдөнө” хэмээн танилцууллаа.

Холбоотой мэдээ