У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон

2024-02-07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар хамтарсан мэдэгдэл хийж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол улстай стратегийн түншлэл байгуулж байгаа европын анхны улс болж байгаагаараа онцлог юм.

Талууд олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрхзүй, шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль экологийн салбаруудад хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Мөн дээд болон мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Одоогоос нэгэн зууны тэртээ их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй анхны 30-аад залуу монголчууд эрдэм сурахаар герман улсыг зорьж орчин цагийн монгол улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй юм. Энэхүү түүхэн жимээр өртөөлөн өнөөг хүртэл 35,000 монгол иргэн герман хэл сурч, боловсрол эзэмшсэн.

2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон өргөжиж олон зуун мэргэжилтнийг бэлтгэж байгаа.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө!

Манай улс ардчилсан засаглалаа байгуулж хууль эрхзүйн шинэ тогтолцооны үндэс суурийг тавихад Герман Улсын шүүх, хууль эрхзүйн туршлага чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2,000 гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээхэд герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол улсын хөгжил дэвшилд зориулан германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон.

Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ