УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ өмгөөлөгч авснаар шүүх хурал дахин хойшиллоо

2024-02-05
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 08.30 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ өмгөөлөгч авч, хэрэгтэйгээ танилцах болсонтой холбоотойгоор шүүх хурал дахин хойшилж, 2024 оны хоёрдугаар сарын 29-ний 09.00 цагт товлосон байна.

Өнгөрсөн шүүх хурал /2024.01.19/ болж, цагдаагийн байгууллагаас ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ажилласан боловч түүнтэй холбогдож чадаагүй байна.

Улмаар гэрч Д.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх ажиллагаа хийж, холбогдож чадаагүй учраас гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Тиймээс шүүх хурлыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-ны 08:30 цаг хүртэл хойшлуулаад байсан билээ.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдсан юм.

Харин З.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан.

Холбоотой мэдээ