Н.Баярчимэг: 600 автобуснаас Эмсид, Сутайн буянт, Мяралзаа компанид 115-ыг өгөх гэрээ байгууллаа

2024-01-30
Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээг өнөөдөр байгуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг “2020 оноос нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Өнгөрсөн онд 600 автобусыг төсвийн мөнгөөр авсан. Эдгээр 600 автобуснаас хувийн хэвшлийн гурван оператор компанид 115 автобусыг төлбөртэй ашиглуулах гэрээг баталлаа.

Гэрээ ёсоор автобусны мөнгийг хувийн хэвшил эргэн төлөх юм. Энэхүү мөнгө нь Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд төвлөрнө. Уг сангийн мөнгөөр парк шинэчлэлийг тасралтгүй хийнэ. Парк шинэчлэл хийхгүйгээс иргэд аюулгүй болон цэвэр орчинд зорчих нь хязгаарлагдмал байгаа юм.

Гэрээг долоон жилийн хугацаатай байгууллаа. Энэ хугацаанд хувийн хэвшил мөнгөө төлж дуусгана. Үүний дараа нийтийн тээврийн өмчлөлийг хувийн хэвшилд 100% шилжүүлнэ” хэмээн ярилаа.

“Эмсид” ХХК-ийн захирал Д.Энхбат “Манай байгууллага 45 автобусыг 12.4 тэрбум төгрөгөөр авч байна. Долоон жилийн хугацаанд төлбөрөө барагдуулж, автобуснуудыг авах зорилгоор гэрээ байгууллаа.

Зээлийн эргэн төлөлт сард хүүгүй, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацад хяналт үйлчилгээний шимтгэлийг 3%-аар тооцож төлөх нөхцөлтэйгөөр авч байна. Шимтгэлдээ ажилчдаа чадавхжуулах сургалтын үйлчилгээг авна гэж итгэж байна” гэлээ.

2009 онд 400 автобусыг төсвийн мөнгөөр авсан. Ингээд нийтийн тээврийн хувийн компаниудад хуваарилж өгсөн ч эргэн төлөлт нь сайн хийгдээгүй байтал автобусны насжилт дууссан. Нийслэлийн зүгээс энэхүү өрийг эргэн төлүүлнэ. Хувийн компаниуд ч эргэн төлөхөө мэдэгдсэн болохыг Хотын даргын зөвлөх хэллээ.

Өнөөдөр гэрээ байгуулсан гурван компанийн нэг нь 2009 онд автобус авч, эргэн төлөлтийн тодорхой хэсгийг төлөөгүй ч хуваарь гаргаад төлнө гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Нийслэлд нийтийн тээврийн оператор 18 компани байдаг аж. Цаашид 7-8 компанид автобусаа өгөх гэрээг байгуулах бэлтгэлээ хангажээ.

Холбоотой мэдээ