Ж.Сүхбаатар нарт “Ногоон автобус”-ны хэргээр яллах дүгнэлтийг танилцуулжээ

2024-01-30
“Ногоон автобус”-ны хэргээр Түгжрэлийн асуудал хариуцсан сайд асан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлжээ. АТГ-аас “Ногоон автобус”-ны хэрэгт Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, БНСУ-ын иргэн Лий Жунг Суб, Ким Киабаум нарын 25 хүнийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн.
Прокурорын байгууллагаас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ хотын орлогч дарга асан Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад яллагдагч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэсэн мэдээлэл байна.

АТГ-аас “Ногоон автобус”-ны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024.01.09-нд прокурорт шилжүүлсэн. Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгч байсан юм.

УЕП-ын газраас байгуулсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийсэн талаар өмнө нь мэдээлж байлаа.

Хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

“Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорьж, шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан.

Хэрэгт 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдсан юм.

Гайхалтай нь Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумьяабазарыг уг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн явдал. Үүнийг олон хүмүүс гайхаж байгаагаа илэрхийлсээр байна.

Холбоотой мэдээ