Орхон аймаг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

2024-01-29

Орхон аймгийн Баян-Өндөр сум 29 мянган өрх, 100 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд  орон сууцны хороолол өсөн нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөх болжээ.

Иймд Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Чандмань багт  150 хүүхдийн багтаамжтай “Баян-Өндөр”  цэцэрлэгийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа өнөөдөр эхлүүлжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь улсын хэмжээнд сум өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьсан анхны бүтээн байгуулалт гэдгийг албаныхан онцолж байна.

Уг цэцэрлэг ашиглалтад орсноор орон нутагт шинээр 27 ажлын байр бий болсны зэрэгцээ хамран сурах тойргийн Чандмань, Найрамдал багийн хүүхэд багачууд гэртэйгээ ойр сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрджээ.

Цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ, гадна тохижилтод аймгийн төсвөөс 1,1 тэрбум төгрөгийн шийдвэрлэсэн байна.

Орхон аймаг 2023 онд боловсролынхоо салбарт улс болон орон нутгийн төсвийн 20,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, сургалтын орчин нөхцлийг сайжруулжээ.

Тус цэцэрлэгийг хоёр жилийн хугацаанд Хөх тавиланХХК гүйцэтгэж, ийн ашигллалтад оруулжээ.

Холбоотой мэдээ