Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа асуудалд бодит арга хэмжээ авахаа мэдэгджээ

2024-01-29

Манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын тал үзүүлж эхэлсэн.

Дээрх ажлын хүрээнд Гадаадын Иргэн, Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Б.Болд нар 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналуудыг тавьжээ.

Тухайлбал олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгджээ.

Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирчээ.

БНСУ-д байгаа 54,000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад томоохон сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Иймд тус улсад хууль бусаар оршин суухын сөрөг нөлөөг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг хоёр тал хамтран зохион байгуулсны үр дүнд 2023 онд 20,000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 18,000 гаруй болж буурчээ.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ