“Солонго” хорооллын нэгдүгээр ээлжийн 17 блокийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ

2024-01-26
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэх нэгжээр “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Колон Глобал” корпорац, зөвлөх үйлчилгээний ажлыг “Мүүён Си Эм” төлөөний газрууд тус тус гүйцэтгэж байна.

Тус төслийн нэгжийн төлөөлөл өчигдөр уулзаж, төслийн хүрээнд хийх ажлуудынхаа талаар хэлэлцлээ.

Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган, Ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпорацын Төслийн захирал Ko Byung-Chun, Төслийн менежер Kim Kyun-Suk, Зөвлөх “Мүүён Си Эм” төлөөний газрын захирал Hyun Koo Shim, Гүйцэтггэх захирал Joowhan Seok болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтаар “Солонго 1, 2” төслийн барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас авах, техникийн нөхцөлүүдийг сунгуулах зэрэг хийж хэрэгжүүлж буй ажлууд болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Мүүён Си Эм” төлөөний газрын тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлов.

Ташрамд дурдахад “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих бөгөөд 17.19 га талбайд нийт 5,002 айлын орон сууцны хорооллыг 2024-2027 оны хооронд барьж ашиглалтад оруулах юм.

Нэгдүгээр ээлжийн 17 блокийн барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэж Төрийн Орон Сууцны Корпорацаас мэдээлэв.

Холбоотой мэдээ