“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав: Ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

2024-01-25

“Дашваанжил” ХХК-иас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тус компанийн захирал Н.Баатаржав “Юуны түрүүнд ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Мөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг хурдан эдгэж, биеэ сайн эмчлүүлээрэй гэж хүсэх байна. Манай компанийн жолооч нь 1984 оноос хойш хүнд даацын автомашин жолоодсон туршлагатай хүн. Нийт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн осол, аваар гаргаж байгаагүй. Манай компанид 2019 оноос хойш ажиллаж байна.

Гэнэтийн ийм осол гарсанд маш их харамсаж байна. Хохирлыг барагдуулахын төлөө ажиллана. Жолоочийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцна. Мөн манай компанийн зүгээс мэргэжлийн баг, эрдэмтдийн баг гаргаж, их хэмжээний хохирол учруулсан ослын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож, иргэд, ААН-ыг хохиролгүй болгох ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулна. 

Халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдлыг миний зүгээс Хотын удирдлагуудын буруу гэж үзэхгүй байна. Энэ нь цас гэнэт орж, давагдашгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой ” гэв.

“Дашваанжил” ХХК-ийн албаны захирал “Манай компанийн зүгээс стандарт, шаардлагын дагуу тээврийн хэрэгслээ тоноглож, үзлэг оношилгоонд тогтмол хамруулдаг. Одоогийн байдлаар орон нутаг болон нийслэлд тээвэр хийж байгаа 20 орчим тээврийн хэрэгсэл бий. Осолдсон цистерн машиныг энэ оны нэгдүгээр сард шинээр авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан юм. Хот хоорондын тээвэр хийдэг. Замын-Үүд рүү 15.7 тонн хийн түлш хүргэхээр явж байсан. Жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хийн газ тээвэрлэх сургалтад хамрагдсан” гэлээ.

Холбоотой мэдээ