Д.Амарбаясгалан: Учирсан хохирлыг урьдчилж тогтоогоод маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ

2024-01-24
УОК-оос дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлсэн. Энэ үеэр “Иргэдийн хохирлыг хэн төлөх вэ?”, “Буруутай этгээдийг тогтоох хүртэл хэр хугацаа шаардах вэ?” гэж сэтгүүлчид асуусан.

Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариулахдаа “Буруутай этгээдийг тогтооход хууль хяналтын байгууллага ажиллана.

Учирсан хохирлын хэмжээг гаргана. Энэ хүртэлх хугацааг хүлээж ард иргэдийг орох оронгүй, өмсөх хувцасгүй байх нөхцөлийг төр бий болгохгүй.

Нийслэл, дүүрэг, улсын нөөц хөрөнгөөс эдгээр асуудлыг эхний ээлжинд нэн яаралтай шийдвэрлэнэ. Ингэхийн тулд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.

Мөн тэрбээр”Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ? гэдэг асуудлаас үүдэж байна.

Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд дахин шалгалт хийх түргэн шуурхай ажлыг зохион байгуулахаар болж байгаа.

Төр урт удаан хугацаанд стандарт тогтоож ирсэн. Үйл ажиллагаа явуулах норм, дүрмийг дандаа тогтоож ирсэн. Энэ нь өөрөө амьдралын нөхцөл байдалтай уялдаж, шинэчлэгдэж, сайжирч, хэрэгцээ шаардлагад нь бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-үүд шаардлага хангах үүрэгтэй.

Энэ үйл ажиллагааг хангаагүй, хууль дүрэм, стандартаа зөрчсөн бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авах зохицуулалттай. Дан ганц шатахуун түгээх станц гэлтгүй Монгол Улсад, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлүүд анхаарахыг энэ том үйл явдал тод харуулж байна.

Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6,500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3,000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг” гэлээ.

Холбоотой мэдээ