Түлэнхийн төв: 14 хүн хүргэгдэн ирснээс биеийн 80-90 хувь нь түлэгдсэн таван хүн эрчимт эмчилгээний тасагт байна

2024-01-24
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт өчигдөр 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас гарсан гал түймэртэй холбогдуулан Түлэнхийн төвөөс мэдээлэл өглөө.

Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэн ирснээс дөрвөн иргэн анхны тусламж аваад буцсан байна. Харин таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн 80-90 хувь нь түлэгдсэн буюу III-IV зэргийн түлэгдэлтэй биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа гэдгийг Түлэнхийн төвөөс мэдээлэв. 

Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй гэв.

Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба нийт түлэгдэж ирсэн иргэд бүгд эрэгтэй, 19-50 гаруй насны хүмүүс ба бага насны хүүхэд түлэгдээгүй гэнэ.

Холбоотой мэдээ