З.Энхболд: Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ, би юу ч мэдэхгүй

2024-01-19
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, дахин хойшиллоо.

З.Энхболд энэ үеэр мэдээлэл өгөхдөө “Шүүх хурал гэрчүүд ирэхгүй байгаагаас хойшилж байна. Надаас хамаарах зүйл алга. Нийт таван гэрч ирэх ёстойгоос нэг л гэрч ирлээ. Гэрч Д.Доржхандын хувьд янз бүрийн юм ярьсан юм билээ. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ. Би юу ч мэдэхгүй. Бид хоёр хуйвалдах ямар ч боломжгүй. Улс төрийн хоёр өөр намынх. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ирэхгүй байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан юм.

З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэмээх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж ийнхүү шүүгдэж байна.

Холбоотой мэдээ