УИХ ирэх 2 дугаар сарын 5-нд ээлжит бусаар хуралдаж ЭТТ-н ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ

2024-01-19
УИХ-ын намрын ээлжит чуулган хоёр хоногийн өмнө хаагдсан. Намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнөх намрын чуулган учраас улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө бүхий олон хуулийн төсөл батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч тэр бүр хүлээлтэд хүрээгүй юм.
УИХ-ын намрын чуулган хаахаас өмнө Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой маргаан нийгэмд үүссэн учраас уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх ёстой хэмээн УИХ-ын гишүүд үзээд буй.

Ирэх сар шинийн өмнөхөн буюу хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тов зарласан байна. УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг хуулийн төсөлтэй уялдуудан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг ч хэлэлцэх гэнэ.

Холбоотой мэдээ