Хансүр гавж Н.Нанзаддоржийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонголоо

2024-01-17
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн “Жавзандамба хутагт” төвийн багш, Хансүр гавж Н.Нанзаддоржийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, түүнийг санал нэгтэйгээр сонголоо.

Өмнө нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тэргүүн хамба Д.Жавзандоржийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан аж.

Төв телевизийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд үүнээс долоог нь УИХ-аас, дөрвөн гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-аас, үлдсэн дөрвийг нь Ерөнхий сайдаас нэр дэвшүүлдэг. Н.Нанзаддоржийг ЕТГ-аас нэр дэвшүүлсэн юм.

ОНРТ-ийн хуульд ямар хүмүүс Үндэсний зөвлөлд нэр дэвшихийг тодорхой заасан байдаг бөгөөд энэ дагуу хүмүүсийг сонгодог. Гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно гэж заасан байна.

Холбоотой мэдээ