З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг шүүх хурал маргааш нээлттэй болно

2024-01-17

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал маргааш  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан юм. Улмаар хэрэг нь прокурорт шилжиж, шүүхэд шилжсэнээр ийн шүүх болж буй. Тус хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшилсон.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхэд гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшилсон юм. Хурлын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга” гэсэн.

Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд “Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна” гэсэн байдаг.

Холбоотой мэдээ