Б.Энхбаяр: Хөдөө жилдээ гурван хэрэг шийддэг шүүгч малчин, алдарт уяач болчихсон байна

2024-01-16
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Б.Энхбаяр өсвөр насны хүүхдийн хэргийг шийдвэрлэх дагнасан шүүхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Б.Энхбаяр “Засгийн газраас хэргийг илрүүлэх мөрдөх, шүүн таслахтай холбоотой асуудлаар бодлого гаргаж оруулж ирдэггүй. Шүүн таслах асуудлаар олон талын байр суурийг оруулах ёстой.

Өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн асуудлыг УИХ-ын тогтоолын төслөөс хасвал ямар вэ. Энэ асуудлыг гэр бүл, хүүхдийн шүүхийн харьяалал дээр нэмэх боломжтой.

Дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн газар дангаар оруулж ирэхгүй. Монгол Улсын Дээд Шүүхийн албан ёсны санал авсан асуудлыг Засгийн газар уламжилдаг. Шүүхийн хуулиар УИХ үүрэг өгсөн гээд байгуулах боломжгүй.

Дагнасан шүүх байгуулахад асар их зардал мөнгө шаардлагатай болно. Бүх аймаг сумдад өсвөр насны хүүхдийн хэргийг шийддэг таван шүүгчтэй болно. 21 аймагт есөн дүүрэгт бараг 200 гаруй шүүгчийн орон тоон асуудал яригдаж байна.

Гарч буй хэргийн нөхцөл байдал, тоог аваад үзвэл ийм чиглэлээр дагнах тооцоо судалгаа байхгүй. Тус хэргийн нийт гэмт хэрэгтэй харьцуулбал гаралт нь цөөхөн. Харин залилан, малын хулгайн чиглэлээр дагнасан шүүх байгуулбал ачаалалтай, хэрэг шийднэ.

Өсвөр насны хүүхдийн хэргийг шийддэг дагнасан шүүх байгуулбал хийцгүй шүүгч нар хөдөө гарч ирнэ. Морь мал уядаг, чөлөөт цагаараа шүүгчийн ажил хийдэг амьдралгүй зүйл болно. Захиргааны хэргийн зарим шүүгч нар шиг болчихно.

Хөдөө жилдээ гурван хэрэг шийддэг шүүгч малчин, алдарт уяач болчихсон байна. Улиралд нэг хэрэг шийддэг шүүгч чинь амьдрахын эрхээр тийм болсон” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ