Ш.Адьшаа: Зам тээврийн яамыг Ховд руу, Хууль зүйн яамыг Дорнод руу нүүлгэх юм уу

2024-01-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 115 хууль, тогтоолын төсөл эцэслэн батлахаар хуралдаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал хийдлийг арилгах замаар цахим гарын үсгийг зөвшөөрөхийн тулд 115 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Үүнээс гадна Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батална. Төрийн байгууллагуудыг бүсчлэн байрлуулах тухай, Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх арга хэмжээг тодорхойлох тухай тогтоолын хэлэлцэнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар бүсчилсэн хөгжил, түүний дотор төрийн байгууллагуудыг орон нутаг руу шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Сонгууль дөхөж байхад энэ цаг үеэ олсон асуудал мөн үү. Ямар зүйлд зориулж ийм бодлогогүй, судалгаагүй асуудал оруулж ирж, УИХ ажил хийсэн дүр эсгэж, Засгийн газар бодлого боловсруулж байгаа маягаар цаг өнгөрөөхийг ард түмэн зөвшөөрөхгүй.

Зам тээврийн яамыг Ховд руу, Хууль зүйн яамыг Дорнод руу нүүлгэх юм уу. Түүний оронд Хархорум хотоо нийслэл болгох асуудлаа бодлогын хэмжээнд оруулж ир. Өнөөдөр яам, тамгын газраа орон нутаг руу нүүлгэх байтугай Яармагт очсон Байгаль орчны яаманд очих гэж ямар хүнд суртал гарч байна. Засгийн газар энэ асуудлаа татаж ав. Цаг үеийн зуд, хууль шүүхийн асуудлаа оруулж ирмээр байна. Дуулиан шуугиан болсон нүүрсний сонсгол чинь хаачсан юм”.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “УИХ дээр тоо баримт, мэдээллийг гуйвуулдаг асуудал архагшсан шинжтэй байгаа. Тиймээс би хоёр асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан юм. УИХ-ын дарга асуулгыг минь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэж хүсэж байна. Нэгдүгээрт, Ирээдүй өв сан болон Төсвийн тогтвортой байдлын хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. Үүнийг асуухаар УИХ дээр худлаа юм яриад өнгөрдөг. Хариугаа цаасаар авсан. Ирээдүй өв санг яаж алж идсэн нь байна лээ. Түүнийг олон нийтэд сонсгомоор байх юм. Ард иргэд үнэнийг мэдэх эрхтэй. Хоёр дахь нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсан. Баримт материалууд ирсэн. Байгаль орчны яамныхан хулхидсан байна билээ. Ард иргэдийг мэдээлэлжүүлмээр байна”.

Холбоотой мэдээ