МҮХҮАТ: Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн гадаад иргэдийг дэмжээгүй

2024-01-11
МҮХҮАТ-аас өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

МҮХҮАТ-ынхан “Монголын бизнесийн орчиныг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тийм учраас одоо УИХ-аар хэлэлцүүлж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөв баталснаар улс орны эдийн засгийг илүү төрөлжүүлж, хурдацтай хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулахад чухал нэг алхам нь болно. Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Дотоод, гадаад аль алиных нь хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг зохицуулах нэг багц хууль. Тийм учраас энэ хуулийг өрөөсгөл ойлгож болохгүй. Улаанбаатар хотын танхимын хувьд энэ хуулийг дэмжиж байгаа гэдгийг онцолсон юм.

Мэдээж хэрэг хуулийн төсөлд илүү тодруулж, сайжруулах заалт байгаа юу гэвэл байгаа. Сайн заалтууд ч бий. Тодруулбал, маргаан шийдвэрлэж, арбитраар шийдвэрлэж, хурдан шуурхай шийвэрлэдэг болж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдаад явбал дараа дараагийн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах болно.

Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагавар авч ирэхгүй. Монгол Улс яагаад гадаадын хөрөнгө оруулагчийг татаж чадахгүй байна вэ, дотоодын хөрөнгө оруулагчид яагаад эх орондоо илүү хөрөнгө оруулалт хийж, үр дүнтэй ажиллаж чадахгүй байна вэ. Үүнд засаглал, хууль болон гэрээний хэрэгжилтийн асуудал тулгардаг. Маргаан шийдэгдлээ гэхэд шийдвэрийг нь гүйцэтгэж чадахгүй байна. Тийм учраас Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгтэй.

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс:

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг идэвхтэй оролцсон. Хоёр жилийн хугацаанд 120 саналыг хэлсэн. Нэг зүйл онцлоход, төрийн байгууллага бидний саналыг хүлээж аваад, ингэж хуульд тусгалаа гэж хариу хэлдэггүй юм. Онцгойлон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын баг бидний саналыг тусгаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Энэ бол сайн жишиг. Бидний хувьд хоёр, гурван зүйл заалтыг хэлсэн.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байх ёстой. Энэ зөвлөлийн үйл ажиллагаа явахгүй байгаа, хуульчлах шаардлагатай гэдэг саналыг хэлж, оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын 100 мянган ам.долларын босгын асуудлыг хөндсөн. Олон улсын жишгээр хөгжиж байгаа улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн босгыг тавьдаггүй.

Тийм учраас энэ босгыг тавихгүй байх нь зүйтэй гэдэг асуудлыг ярьсан. Энийг хуульд тусгаж оруулсан. Зарим нэг татвар урамшууллын асуудал байгаа. Тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа бол гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулж байгаа.

Гэхдээ энийг бодлого тодорхойлогчдын зүгээс Татварын хуулийг шинэлэхэд тусгана гэдгийг хэлж байгаа. Бид найдаж байна. Энэ өөрчлөлтийг оруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Газар ашиглуулахтай холбоотой заалтыг улстөржүүлж, гадаад иргэд 100 жилээр газар эзэмшинэ гэдэг асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр шинэ технологи нэвтэрч, ажлын байр шинээр нэмэгдэж, эдийн засаг сайжирна.

Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдахаар хэлэлцүүлж байна. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл дуу хоолойгоо илэрхийлж, МҮХҮАТ-аас санаачлан мэдээлэл хийж байна. Өрсөлдөх чадвар байгаа улсад хөрөнгө оруулалт орж байдаг.  Хөрөнгө оруулалтыг татахын тулд дэлхийн бусад улс орнуудын жишгийг судлах ёстой гэж харж байгаад орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Нэг талаасаа татвар маш чухал. Гэхдээ хуульд ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх, бизнес эрхлэхэд өрсөлдөх чадвартай байх, оршин суух орчин улс орон нь таатай байх зэрэг асуудлыг цогцоор нь харж үзэх шаардлагатай.

Улаанбаатар хот гадаадын хөрөнгө оруулалтыг авахын тулд дэлхийн улс орнуудтай өрсөлдөж, хөрөнгө оруулалтаа татах ёстой. Дэлхийн эдийн засгийн форумд хууль батлагдсаны дараа Монголын төлөөлөл оролцох хэрэгтэй. Монголын эдийн засгийн форум 2024 оны долдугаар сарын 8, 9-нд болно. Энд гадаадын хөрөнгө оруулагчдыг дуудаж, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярилцъя гэв.

Холбоотой мэдээ