Д.Тогтохсүрэн: Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаагийн 1.5 сая нь хуурамч. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна

2024-01-04

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос олон нийтийн цахим сүлжээний зохицуулалтын талаар асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ жилийн сонгуульд хоёр зүйл сөргөөр нөлөөлнө. Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. Энэ хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн боломж байна уу.

Мөн хиймэл оюунаар хүний үйлдээгүйг үйлдсэн юм шиг харуулдаг. Үүнийг цагдаагийн байгууллагаас илрүүлэх боломж байна уу” гэсэн асуулт тавилаа.

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболд “Монгол Улс Азидаа фэйсбүүк хэрэглэгчдээрээ тэргүүн байрт явж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгосон. Бидэнд техник технологийн боломж дутуу байгаа. 2023 оны жилийн эцэст хуурамч хаяг үүсгэж бусдын нэр хүндэд халдаж буй хэргийг 50.5 хувьтай илрүүлсэн.

Интернэт үйлчилгээ үзүүлж буй ААН-үүдийн оруулж ирж буй сүлжээн дээр техник хэрэгсэл тавиад хуурамч хаягуудын талаар зохих хуулийн дагуу гомдлоо гаргах боломжтой” гэв.

Холбоотой мэдээ