Сонгуулийн цаглабар

2024-01-04

УИХ-ын сонгуулийн жил эхэлж, улс төр халуурч эхлээд байна. Намын гишүүдийн дунд жагсаалтад багтах, тойрогт өрсөлдөх мандатын төлөөх өрсөлдөөн өрнөж, намууд хэнийг хаана сойхоо урьдчилан зураглаж, сонгуулийн концепцоо нууцын зэрэглэлд боловсруулж буй.

 Энэ удаагийн сонгууль нь холимог тогтолцоогоор 126 гишүүн парламентад сонгохоороо онцлог. Гишүүдийн 48-ыг намын жагсаалтаар, 78-ыг тойргоос иргэдийн саналаар сонгохоор хуульчилсан. Тэгвэл шинэ оны босгон дээр УИХ-ын сонгуулийг бүсчилсэн 13 тойргоор явуулж, санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд байхаар тогтоол батлаад байна.

Гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн хэсэг байгуулна

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулах хуулийн заалттай. Мөн энэ хугацаанд сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.

Дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороо байгуулна

СЕХ санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулна. Ингэхдээ тухайн аймаг, нийслэлийн ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлэх хуультай.

Дөрөвдүгээр сарын 21-нээс өмнө гадаадад байгаа иргэдийн санал авах комисс байгуулна

СЕХ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комисс байгуулна. Комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулна

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

Дөрөвдүгээр сарын 30-наас өмнө нам эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлнэ

Нам, эвсэл Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

СЕХ сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Тавдугаар сарын 15-нд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлнэ

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Зургаадугаар сарын 10-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно

СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

Гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ

Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хандивын тайланд аудит хийлгэнэ

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 30-наас өмнө аудитын дүгнэлтийг СЕХ-нд хүргүүлнэ

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Тавдугаар сарын 26-наас өмнө аудитын дүгнэлтийг СЕХ-нд хүргүүлнэ

Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Зургаадугаар сарын 10-наас сурталчилгааг эхлүүлнэ

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Зургаадугаар сарын 20-23-нд гадаадад байгаа иргэдээс санал авна.

Зургаадугаар сарын 28-нд Монгол орон даяар санал хураалт явуулна.

Холбоотой мэдээ