Зам талбайн цасыг цэвэрлэн, давс, бодис цацаж байна

2024-01-04
Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байгууллагууд хариуцсан гудамж, зам талбайн цасыг цэвэрлэн, давс, бодис цацаж байна. Мөн үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 50 метр зай дахь цасаа цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгахыг албаныхан зөвлөж байгаа юм.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.

Нийслэлийн Засаг дарга нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас бодис худалдаж авахаар болсон талаар албаныхан мэдээлж байв. Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг мэдээлэл өгөхдөө “ОХУ-аас оруулж ирж байгаа тусгай зориулалтын бодис -30 хэмээс дээш хэмд хайлах үйл явц удаашралтай байгаа учраас нийслэлийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч, нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас тусгай зориулалтын бодис авахаар болж байна. Хятадад тусгай зориулалтын бодис дээд тал нь -45 хэмд хайлах боломжтой байдаг. Ирэх долоо хоногоос худалдан авахаар УБЗАА ажиллаж байна, бэлтгэл ажил хангагдсан. Тээвэрлэлтийн асуудлаа шийдвэл ирэх долоо хоногт -40-45 хэмд хайлах температуртай тусгай зориулалтын бодис орж ирнэ” гэж мэдээлж байсан юм.

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 5-нд төв болон зүүн аймгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 4-нд говь талын хээр нутгаар, 5 болон 6-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Холбоотой мэдээ