Ч.Хүрэлбаатар хятад цусгүй гэдгээ архивын баримт ашиглан нотолжээ, харин Х.Баттулга хэрхэх бол оо…

2024-01-03

УИХ-ын гишүүн, Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар ээж талаасаа Хятад цустай хүн болох тухай баримтыг “Цензургүй” медиа баг оны өмнөхөн дэлгэсэн нь шуугиан тарьсан.

Үүний хариуд Ч.Хүрэлбаатар: “Женко Х.Баттулга аа! Хэн нь хятад цустайгаа шалгуулъя, шинжлүүлье!!! Монголчуудын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр Женко Х.Баттулгын хувийн С1 телевизийн “Цензургүй” гэх нэвтрүүлгээр намайг хятадын эрлийз, Монголын төрд байлгаж болохгүй нэгэн мэтээр ярьж, гүтгэжээ. Хоорондоо холбоогүй, авцалдахгүй архивын гэх цөөн мэдээллийг эвлүүлэн хятад цустай гэж. Ёстой дургүй, зэвүү хоёр зэрэг хөдөлчихлөө. Би удам судраа мэднэ ээ. Миний аавын ч тал, ээжийн ч тал аль аль нь Увс аймгийн Давст сумынх, дөрвөдүүд. Ээжийн талыг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрч биш дайрч гарсан юм.

Нэртэй, нүүртэй амьдарч байсан тэр хүмүүсээс үлдсэн нь амьдралын олон нугачаанд хөл ч алдаагүй, нуруу ч алдаагүй. Одоо “Женко” Баттулгын С1 телевизэд, түүний төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгээр би ээжийнхээ удмыг дахин доромжлуулж, хэлмэгдүүлэхийг огтхон ч тэвчихгүй. Явдаг бүх газраар нь явж энэ цэвэр цус ярьдаг телевизтэй, нэвтрүүлэгтэй, нэвтрүүлэгчтэй нь заргалдана.

Хэн их мөнгөтэй нь, хэн ичих нүүргүй нь, хэн ёс зүйгүй нь, хэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь дургүй хүнээ дуртай хэлбэрээрээ доромжилж, хэлмэгдүүлж явах ёстой юм уу?

Үгүй шүү, “Женко “Х.Баттулга аа. Чи надаар хангалттай оролдсон, хангалттай доромжилсон, хангалттай гүтгэсэн, хангалттай харлуулсан. Чиний энэ үйлдлүүдийг би улстөрч хүнд тохиолддог зүйл гэж үзэж шингээж тэвчээртэй хандаж ирсэн. Тэвчээрт хязгаар бий. Одоо боллоо. Чиний “С1” телевизийн цэвэр цус ярьдаг-захиалгат нэвтрүүлэгт хэлсэнчлэн чи бид хоёрын нэг нь Монголын төрөөс, улстөрөөс явъя, зайлъя. Санал байна!!! Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1% л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1% илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улстөрөөс бүрмөсөн зайлж үз. Чамгүйгээр Монголчуудын хуваагдал, талцал эрс багасна. 23andme гэдэг генетикийн шинжилгээ хийдэг байгууллага байна. Энэ байгууллага нь шүлснээс тухайн хүний генд эх газрын Хятад, Тайван, Өмнөд хятад, Хойд хятад, Түвд, Хятадын Дай гэх гарал хэдэн хувийг эзэлдгийг тогтоодог юм байна. Товчхондоо танайхны хэлдгээр “цус” шинжилдэг байгууллага аж.

“Женко” Х.Баттулга аа, гений шинжилгээ хийдэг энэ 23andme энэ байгууллагад хамтдаа гэрчүүдийг байлцуулан хандъя, гений шинжилгээ өгье. Чамаас хятад ген 0.1% илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1% илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё.

Х.Баттулга аа!! Чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. “Цус” ярьж Монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг” гэсэн.

Ч.Хүрэлбаатао өчигдөр холбогдох байгууллагуудаас тухайлбал Үндэсний төв архиваас ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийнхээ намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцаж, лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авчээ.

Тэрбээр “Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү дуугарсан.
Миний санахын Монголын олон улстөрчдийг, нэртэй зүстэй олон хүнийг хятад хэмээн Женкогийнхон цоллож, харлуулж ирсэн. Хятадаараа цоллуулсан тэд тайлбар хийлгүй дуугүй өнгөрөөсөн, олон нийт ч тэднийг хятад хэмээн итгэсээр өнөөг хүрсэн. Худал үнэнийг ялдаг, эвлүүлэг нь бодит баримтыг дийлдэг байж хэрхэвч болохгүй ээ.
Би удам угсаагаа сайн мэднэ л дээ. Гэхдээ баримт үзүүлэн ярих нь зөв хэмээн шинэ оны ажлын эхний өдрийг хүлээсэн юм. Та бүхэнд Үндэсний төв архивын материалуудыг үзүүлж тайлбарлая” гээд тайлбарлажээ.
Үүнтэй холбоотойгоор “Цензургүй” баг, “C1” телевиз гэхээр л Ч.Хүрэлбаатар энэ бүхний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулгыг байгаа гэж хардах нь аргагүй. Гэхдээ яг үнэндээ бол Ч.Хүрэлбаатарыг цаашид эрх мэдлийн тойргоос шахан гаргах хэрэгтэй, үүний тулд давын өмнө УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдуулах нь зөв гэсэн бодолтой хүн МАН дотор олширсон байна.

УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудад нэр дэвших сонирхолтой МАН-ын Бага хурлын хоёр гишүүн оны өмнөхөн хэд хэдэн иргэний хөдөлгөөн, тэмцэгчидтэй уулзаж, Ч.Хүрэлбаатарыг дахиж төрд байлгамааргүй байна, энэ саналыг дэмжиж, хамтарч ажиллаач гэж хүссэн байна.

МАН-ын Удирдах Зөвлөлийн нэг бус гишүүн уг уулзалтын үеэр Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхгүй байж болохгүй, харин дэмжмээргүй байна, УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдчихаасай билээ гэж өгүүлсэн аж. Өөрөөр хэлбэл УИХ-д 3 удаа сонгогдож, дөрвөн удаа сайдаар ажиллан, Монгол Улсын санхүү, эдийн засагтай холбоотой албан тушаалуудад 2000 оноос хойш тасралтгүй ажиллаж буй Чимидийн Хүрэлбаатарыг улс төрөөс “зайлуулах” сонирхол МАН дотор ч байна хэмээн хэвлэлд бичжээ.

Мөн Х.Баттулгыг түвд гаралтай учраас бусдыг дандаа хужаа гэж доромжилдог юм гэх хүмүүс бас байна. Нээрээ ч Х.Баттулгыг түвд гаралтай хэмээх яриа нэлээд дээрээс сонсогдсоор ирсэн юмдаг. Энэ удаа Х.Баттулгыг өөрийнхөө ээлжинд архивт байгаа баримтуудаа ядаж ил болгох эсэхийг олон нийт харж байна.

Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар ч хоёулаа одоо төр засгаас зайлж буян болооч хэмээх хүмүүс ч цөөнгүй байна.

Холбоотой мэдээ