Монголчууд 1913 онд тусгаар тогтнолоо хамгаалан хятадын цэрэгтэй байлдсан түүхээс

2023-12-28

Хоёр хоногийн өмнө МУИС дээр нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хурал нь одоогоос 110 жилийн тэртээд шинэ тулгар Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалах, өвөрлөгч ах дүүсээ эх орондоо нэгтгэхээр цэрэглэж байсан түүхийн асуудлыг хөндсөн юм.

1913-1914 онуудад болсон ХХ зууны Монголчуудын бие дааж явуулсан цэрэг дайны хамгийн томоохон ажиллагаа болсон Өвөр Монголчуудаа Хятадын хар цэргээс чөлөөлж, нэгдсэн Монгол улсаа байгуулах Таван замын байлдааны 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болов. Илтгэгч нар олон сонирхолтой шинэ мэдээ баримт, дүгнэлтээ танилцуулсны дээр энэхүү Хаант Монгол улсын 100 гаран баатрууд төрсөн байлдааны ажиллагааг дайн байсан тухай үзэл дүгнэлтийг ч хийсэн нь байна.

Энэ хуралд эрдэмтдийн тавьсан сонирхолтой илтгэлээс хүргэж байна. Эхний удаад доктор/phd/ Б.Батсүрэнгийн илтгэлийг толилуулья.

Б.Батсүрэн (түүхч)

«Их цэргийг таван замд анги хуваан мордуулж, газар орныг сэргийлэн хамгаалуулж, чанагш улмаар давшуулан дайсны цэргийг тосон дайлж, нэгэн сэтгэл хүчнээр байлдан сөнөөж газар орныг ариутган тохинуулахаар» Монголын төр шийдвэрлэж, 1913 онд Өвөр Монголд түрэмгийлэн довтолж ирсэн хятадын цэргүүдтэй байлдаж Монгол нутгаас хөөх ажиллагаа явуулсны 110 жилийн ой энэ 2023 онд тохиож байгаа билээ.

Уншигч та бүхэнд хүргэж байгаа тус бяцхан өгүүлэлд таван замаар Дундад иргэн улсын цэрэгтэй дайтсан монгол цэргийн талаар товч өгүүлэх зорилтыг дэвшүүллээ, болгоон соёрхоно уу.

Түүхч, доктор Ю.Болдбаатарын авсан зургаас ашиглав.

Монголчууд бид тэртээ 1911 онд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхээс эхлээд товч танилцуулъя.

Манж улсын шинэ засгийн бодлого монголчуудад нэн халтай болж эхэлсэн тул цаашид хэрхэх тухай нухацтай хэлэлцэх саналыг Халхын нөлөө бүхий ноёд удаа дараа гаргах болжээ. Ялангуяа Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, дэд дарга Дашням, жанжин Ханддорж нараас Халхын ноёдыг Хүрээний газар билгийн тооллын таван сарын 25-нд (1911 оны 6 дугаар сарын 21) нэгэн зэргээр хамт цуглан, завдан хуралдахыг уриалсан байдаг. Харин Оросын эрх баригчдад Монголын үнэн байдал, учрыг гарган айлтгаж, хамгаалан туслахыг хүссэн Жибзундамба хутагт тэргүүлсэн Халхын 4 аймгийн хаадын бичгийг зуны сүүл сарын шинийн дөрвөний өдрөөр (1911 оны 6 дугаар 29) огноолсон байдгаас үзвэл Халхын нөлөө бүхий ноёд Жибзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд чуулах нийт ноёд дээдсийн хуралдаанд урьдчилан боловсруулж бэлтгэсэн санал, төлөвлөгөөтэй оролцохоор эртнээс бэлтгэсэн бололтой. Жил бүрийн билгийн тооллын зуны сүүл сард арваад хоног болдог «даншигийн наадмын» үеэр буюу 1911 оны 7 дугаар сарын 16-наас Их хүрээнд цугласан Халхын ихэс дээдэс Эрдэнэ Шанзодовын яамнаа нууцаар зөвлөлджээ. Ноёдын гаргасан санал зөрөөтэй, манж амбаны хараа хяналт чамгүй байсан тул их хэрэгт сэтгэл шулуудсан арван хэдэн ноёд, лам Богд уулын арын модон дунд гэр барин нууц зөвлөгөөнийг үргэлжлүүлж, нэгэнт Манж улсын эш суурь ганхаж, Монголын тухай бодлого улам харгис шинжтэй болж буй тул цаашид хэрхэх тухай нухацтай зөвлөлджээ. 1911 оны 7 дугаар сарын 27-28-нд болсон зөвлөгөөний эцэст Монголын орон нутгийн эрх баригч ноёд язгууртнууд тусгаар улс байгуулахаар тогтож, “олон улсын тогтоосон хуулинд аливаа төр бага улс болбоос чийрэг их улсыг түшиж, өөртөө тогтнох чийрэг их улс болбоос төр бага улсыг тэтгэн туслах ёсон”-ыг баримтлан эл үйл хэрэгт Хаант Орос улс тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн, урьд боловсруулсан бичгээ илгээхээр тогтжээ. Тус бичигт “манай монголчууд эртнээс нааш өөрсдийн хэв суртлаар явж” ирсэн учраа дурдаад, хожим хоёр зуу илүү он манж хаанд шүтэж амар тайвнаар аж төрж байтал ойрноос хятад түшмэд эрх барьж Манж улсын эрхийг эзэлж улсын хэргийг элдвээр самууруулж, шинэ засгийн дүрмээр монголчуудыг дарлан зовоох болсон учрыг тоочиж улмаар “манай олон хан, ван засгууд олноор санаа нийлж монгол бүхний оройн чимэг Богдыг хаан өргөмжилж Монгол улс болон Их улс дор түших” санаагаа илэрхийлжээ. Зөвлөгөөний шийдвэрийн дагуу Монголын төлөөлөгчид Орос Улсад зорчих тухайгаа Их Хүрээний Оросын консулд 7 дугаар сарын 28-нд мэдэгдэж, 29-ний өдөр Хүрээнээс уван цуван гарч оджээ. Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар Санкт-Петербург хотноо 8 дугаар сарын 15-нд хүрэлцэн очиж улс гэрээ сэргээх хорин нэгэн зүйлийн шалтгаан тоочсон бичгийг 17-нд Оросын гадаад явдлын яаманд гардуулжээ. Тэднийг Санкт-Петербург хотноо гурван долоо хоног байх хугацаанд 8 дугаар сарын 17-нд Оросын нөлөө бүхий эрх баригч сайд түшмэл оролцсон томоохон зөвлөгөөн болсон ч “Монголоос Чин улстай тогтоосон сюзерений холбоог таслалгүйгээр үндэсний байдлаа хамгаалах гэсэн монголчуудын эрмэлзлэлийг дипломат замаар дэмжих” шийдвэр гаргаж, зэвсгийн тусламж үзүүлж боломжтой хэмээжээ. Эрх баригчдынхаа шийдвэрээр Цэргийн яамны сайд В.А.Сухомлинов монголчуудад олгуулахаар Эрхүүгийн цэргийн тойргийн штабт 15 мянган винтов, 7.5 сая сум тус тус олгохыг 10 дугаар сарын 30-нд тушаажээ. Гэхдээ оросууд зэвсгээ шууд өгсөнгүй, харин ч Халхын нөлөө бүхий этгээдээс зэвсэг зайлшгүй шаардлагатай гэсэн хүсэлтийг дахин тавихаас нааш асуудлыг шийдвэрлэхээс цааргалсаар байв. Тиймээс Их Хүрээний Лавдовский консулаар уламжлуулан Санкт-Петербургт 11 дүгээр сарын 9-нд, монголчууд зэвсэглэн босохоор шийдсэн тул 15 мянган винтов, сумтай мөн төдий тооны сэлэмний хамтаар олгохыг Жибзундамба хутагт хүсчээ. Үүний дараа л оросууд зэвсэг шилжүүлэх ажлыг эрчимжүүлсэн бөгөөд Эрхүүгээс эхний 2050 берданыг Хиагтын хилийн байцаагч хурандаа Хитровоор дамжуулан мөн Амурын цэргийн тойргоос 1000 берданыг Сэцэн хан аймгийн нутагтай залгаа Акшагаар дамжуулан 11 дүгээр сарын 18-нд илгээсэн нь 12 дугаар сарын 1 гэхэд Их хүрээнд ирсэн бололтой байдаг. Зэр зэвсгийн тодорхой дэмжлэг авсан монголчууд ч зүгээр суусангүй. Тусгаар улсаа сэргээн мандуулахаар сэтгэл шулуудсан Халх Монголын хаад, лам ноёд үндэсний хувьсгалын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүднээс Жибзундамба хутагтад айлтгал өргөж хариу лүндэн буулгуулж улмаар 1911 оны 11 дүгээр сарын 30-нд Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага болох 7 хүний бүрэлдэхүүнтэй Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газрыг (ХХБХТШЕГ) байгуулсан байв. Энэ институт нь өнөөгийн ойлголтоор Түр Засгийн газрын эрх үүргийг хэрэгжүүлэх болов. Улмаар тус ХХБХТШЕГ-ын 1911 оны 12 дугаар сарын 1-ны «… Монгол орон Манжаас тусгаарласан тухай зарласан ухуулах бичиг»-т: “ … манай Монгол болбаас угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өвсүвээн [Өөрсдөө тусгаар улс болон] улс болон өөрийнхөө хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй, шинэ төр байгуулан тогтоохоор зөвлөн тогтсон”-оо зарлан тунхаглав. Өөрөөр хэлбэл Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахыг зорьсон Үндэсний хувьсгалын амин чухал зорилт энэхүү 1911 оны 12 дугаар сарын 1-ний өдөр бодит утгаар хэрэгжин биелжээ. Улмаар 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жибзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол Улсын төрийн тэргүүн Богд хаанд өргөмжилснөөр Монгол Улс дэлхийн улс төрийн газрын зурагт дахин байраа эзэлсэн билээ.

Ийнхүү туурга тусгаар улсаа сэргээн мандуулж чадсан монголчуудын өмнө тусгаар тогтнолоо хамгаалах маш хүнд бэрх зорилт тулгарах болов. Ялангуяа Манж улсын эзэрхийллийг эсэргүүцэн тэмцэж, улмаар Чин династийн сүүлчийн хаан Хэвт Ёс (Пу И)-ыг 1912 оны 2 дугаар сарын 12-нд хаан ширээнээс буулгаж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарлан тунхаглаад байсан Дундад иргэн улсыг олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан хятадын залуу бүгд найрамдах улсын гадаад бодлого монголчуудын хувьд тун харшлалтай байсан юм. Хуучин өөрсдийг нь эзэрхэж байсан Манж улсын хил хязгаарыг, шинэ Дундад иргэн улсын хил, хязгаар болгохоор зорьсон Иргэн улсын эрх баригчид, Монгол Улсыг бүхий л талаар хавчин шахаж өөртөө нэгтгэхийг улс байгуулсан эхний өдрөөсөө эхлэн оролдох болжээ.

Харин эртний уламжлалт хаант засаг бүхий улсаа сэргээсэн монголчууд, одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр төдийгүй монголчууд хэзээнээс оршин суусаар ирсэн 49 хошуу, Хөх хот, Долоннуур, Хүлүнбуйр, Алаша, Эзний гол, Хөх нуурын говийн өмнөх монголчууд болон Или-Тарвагатай, Ховог сайр, Харшаар, Алтайн баруун зүгийн монголчууд зэрэг олон овгийн монгол ахан дүүс, тэдний газар орныг багтаасан улс байгуулахаар зорьж байв. Тиймээс 1912 оноос эхлэн өмнөд монголчуудын нутаг, 49 хошуу, Хөх хот, Долоннуур зэрэг чухал чиглэлээр Монголын нутагт цэрэглэн нэвтрэх болсон Дундад иргэн улсын үйл ажиллагааг түрэмгийлэл хэмээн үзсэн юм.

Эн тэргүүнд монгол цэрэгтэй зэвсэг зөрүүлсэн Дундад иргэн улсын зэвсэгт хүчний талаар дурдъя.

Бид бүхний мэдэхээр Дундад иргэн улс бол Манж Чин улсын өв суурин дээр боссон залуу бүгд найрамдах улс билээ. Гэхдээ энэ тодорхойлолт зөвхөн улс төрийн утгаар л Дундад иргэн улсад хамаатай байх. Яагаад гэвэл Дундад иргэн улсын зэвсэгт хүчин бол 1860-аад оноос Манж Чин улсын төрөөс хэрэгжүүлсэн цэргийн шинэчлэлээр өөрчлөгдөж хүчирхэгжсэн Чин улсын армийн шууд залгамж үргэлжлэл юм.

Хэд хэдэн удаагийн дайнд европын хүчирхэг гүрнүүдээс чамгүй чанга цохилт амссан Манж Чин улс 1861 онд өөрөө хүчирхэгжих бодлого зарлаж эхлээд Хаант Орос улсын цэргийн сургагчдыг Хиагтад урьж сургалт явуулж тодорхой тооны зэвсэг худалдаж авчээ. Дараа манж нар англичуудтай гэрээ байгуулж цэргээ шинэчлэх оролдлого хийсэн байдаг. Харин 1894-95 онд Японтой байлдаж ялагдсаны дараа цэргийн сургалтын системээ япон (уг язгуур нь герман) маягт шилжүүлж эхэлжээ. 1898 оны 12-р сар гэхэд Бэйян-ий армийг шинээр эмхлэн байгуулжээ. Манжийн төрийн удирдлагад нөлөөтэй болж ирсэн хятад захирагч нарын ятгалгаар хятад үндэстнээс бүрэлдсэн шинэ маягийн цэргийн нэгтгэлүүдийг нэлээд олон тоогоор эмхлэн байгуулсан билээ. Эдгээр шинэчлэлийн үр дүнд 1910 оны нэгдүгээр гэхэд Манж Чин улс нийт 152565 явган, морьт цэрэгтэй 14 дивиз, 18 холимог бригадтай болсон байжээ. Морьт цэргийн тоо 14000-д хүрсэн бол 1000 их буу 130 пулемётоор зэвсэглэсэн байжээ. Үүнээс гадна XIX зууны эцэс гэхэд Манж Чин улст өөрийн гэсэн зэвсгийн үйлдвэрүүд буй болоод байсан билээ.

Манж Чин улсын үеэс бүрэлдсэн Дундад иргэн улсын цэрэг 1913 он гэхэд дотоодын томоохон зэвсэгт мөргөлдөөнд оролцчихсон, дайн байлдааны бололцооны туршлагатай, тэр үеийнхээ боловсронгуй зэр зэвсгээр зэвсэглэсэн нэлээд орчин үеийн арми байсан гэдэг нь дээрх цөөн баримтаас төсөөлөгдөж, тойм нь харагдах байх.

Гэтэл монголчуудын хувьд байдал эсрэгээр байлаа. Зэр зэвсгийн тал дээр монголчууд бараг XVIII-XIX зууны түвшинд байсан. Үүний хамгийн тод илрэл 1912 оны Ховдыг чөлөөлөх ажиллагаа мөн. Мөн монголчууд зан төлөвийн хувьд ч их сонин байдалтай байсан мэт. Санкт-Петербургийн драгуны 2-р хорооны захирагч А.А.Баторскийн бичсэн «нууц» гэсэн тодотголтой нэгэн илтгэл тайланд “хятадуудын түгээж буй зальхай, самуун нөлөө нь эцсийн дүндээ Монголчуудын дайнч чанар, шийдмэг занг үгүй хийж байна, Халхчууд хүртэл урьдын идэрхэг, эрэлхэг байдлаа алджээ” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь хувьсгалаас хорьхон жилийн өмнөх байдлыг харуулсан дүгнэлт. Хүн амын олонх нь шашинлаг сэтгэхүйтэй болж цэрэг дайны үйлийг ад шоо үзэж байсан тэр нийгмээс цэрэг дайчид олноор гарч ирэх боломжгүй мэт сэтгэгдэл гадныханд төрж байсан нь үнэн боловч тусгаар тогтнол өөрөө хүн зоны сэтгэхүйд ямар хүчтэй нөлөөлж үйлчилдэг жишээг монголчууд 1913 онд харуулсан байх. Тиймээс “… Монголын идэр эрчүүд харвах намнахыг мэдэхийн төдий, илд зүйлийг ч хэрэглэж чадахгүй байтал буу зэвсэг юун өгүүлэх ажээ гэж бага орнуудыг дээрэнгүйлэн басамжлагчдад цохилт болжээ” хэмээн манай ахмад эрдэмтэд тэр үеийн монгол эрчүүд, түүний дотор цэргийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн цэрэг-эрсийг тодорхойлсон байдаг.

Дундад иргэн улс ба Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн, байрлал, хүн хүчний харьцаа (1912 оны эцэс 1913 оны эхээр):

Дундад иргэн улсын зүгээс Или-Тарвагатай, Жирэмийн чуулган, Хөх хотын түмэдийн газар үүссэн Сумъяа, Удай, Раашминжүүр, Буджав, Гомбожав нарын манж-хятадын түрэмгий ажиллагааг эсэргүүцсэн тэмцлийг ихээхэн хүн хүч хаяж байж 1912 зун, намар гэхэд даржээ. Улмаар 1912 оны намар Дарьгангын чиглэлд 500-аад, Цагаан Түнгийн чиглэлд 1-2 мянга орчим цэргээр халдаж, Цицикарт, Хүлүнбуйрыг довтлох зорилготой 4 мянга гаруй хүнтэй холимог бригадыг бэлтгэх болжээ. Дарьгангад ялагдсан хэдий ч Дундад иргэн улс Алтай, Цагаан Түнгийн чиглэлийн цэргийг улам нэмж 6 мянга гаруй болгосон гэж судлаачид үздэг. Түүнчлэн Жирэмийн чуулганы нутаг, Шаазгай хотноо 10 мянга орчим цэрэг байрлуулжээ.  Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улс 1912 оны адаг, 1913 оны эх гэхэд Жирэмийн чуулган, Цицикар, Шаазгай хот орчим 14 мянгаад цэрэг (зүүн чиглэл), Өмнөд Монгол буюу Хөх хот, Хаалган боомт, Долоннуур, Бяруу зэрэг хотод 39 мянган цэрэг (төвийн чиглэл), харин Цагаан Түнгэ, Алтайн Шар сүм, Чингэл зэрэг газраар 6 мянгаад цэргийг (баруун чиглэл) байрлуулсан мэдээ бий. Зарим мэдээгээр эдгээр бүлэглэл нийт янз бүрийн калибрийн 146 их буу, 80-90 пулемёттой байжээ.

Монголын өмнөд хязгаараар байрлуулах болсон Дундад иргэн улсын цэргийн бүлэглэлүүдийн эсрэг Монгол Улс баруун жигүүр, Гурван цэнхэрт 1700 цэрэг, Улиастай, Ховдод тус бүрт нь 300, Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийн зах Тахи хошуу, Захуй Царман, Сүүж, Улаан зэрэг газарт тус бүр 250, нийтдээ 3300 цэргийг сөргүүлэн байрлуулахаар тогтож заримыг уул газруудад суулгаж эхэлсэн юм.

Харин зүүн жигүүр буюу Хүлүнбуйрт, Барга болон ДИУ-ын Хармөрөн мужийн хил дагуух 11 харуулаар суусан 500 цэрэг, Хайларт байрлах 1 мянга нийтдээ 2 мянган цэргийг байрлуулан Цицикарын холимог бригадын замыг хөндөлсүүлэн хаажээ.

Монгол Улсаас гол анхаарлаа хандуулсан өмнөд чиглэлд анхлан 1913 оны 1-2 дугаар сарын үест, Чимэдсэрэн, Хайсан, Бавуужав, Насанравжих, Сономдорж, Зүтгэлт нарын захирсан 6 орчим хороо цэргийг (ойролцоогоор 1200) таван замд хуваан мордуулсан ба тэдгээр нь энэ чиглэл таран байрласан ДИУ-ын 40-өөд мянган цэрэгтэй тулалдах ёстой болжээ. Харин сүүлд нь Монголын Засгийн газар цөөнгүй удаа тухайн чиглэлд хүч нэмэгдүүлсэн юм.

Монгол Улс ба Дундад иргэн улсын цэргийн бүрэлдэхүүн, байрлал, хүн хүчний харьцаа (1913 оны 9-10-р сарын үед):

Дундад иргэн улсын Шаньси мужийн умард хилийн нутгаар 23 янз бүрийн нэгжийн, 28 их буу, 4 пулемёттой, тайван цагийн орон тоогоор 9500 явган, 1500 морьт цэрэг байрлаж байсан бол Хаалган, Долоннуур зэрэг хотын чиглэлийн цэргийн бүлэглэлд 30 их буу, 16 пулемёт бүхий 35 батальон (20 мянган хүнтэй) явган цэрэг, 9 дивизион (2500 хүнтэй) морин цэрэгтэй анги салбарууд байрлаж байв. Харин Хаалган Долоннуураас зүүн тийш Хинганы нурууны зүүн өмнөд бэлийн Чифын, Чаоян, Кайлу зэрэг хот сууринд 20 их буутай, 6 мянган явган цэрэг, 1 мянга гаруй морин цэрэг байрлуулжээ. Бүхэлдээ Дундад иргэн улсын эрх баригчид 1913 оны 09-10 сарын үед Өмнөд Монгол түүнтэй залгаа хятадын захын дотоод мужуудад 36 мянган явган цэрэг, 5 мянган морин цэргийг 78 их буу, 20 илүү пулемётоор хүч нэмэгдүүлэн байрлуулж Монголын цэргийн эсрэг байлдуулж байжээ.

Түүний дээр Алтайн цаад Шар сүм, Цагаан Түнгэ-ийн зэрэг газраа 2-3 их буугаар хүч нэмэгдүүлсэн, Дундад иргэн улсын 6000 цэрэг байрласан хэвээр байсан бол Жирэмийн чуулганы Шаазгай хотод «Der Ostasiatische Lloyd» сонины 25 дахь дугаарт мэдээлснээр 1913 оны дунд үед 35 их буутай, 10 мянга орчим цэрэг харин Манжуурын Цицикар хот орчмоор 54 их буу, 20 пулемёттой бүгд 12 мянга гаруй хүнтэй холимог бригад, орон нутгийн анги салбар байрлах болжээ. Өөрөөр хэлбэл, 1913 оны 09-10 сарын үед Дундад иргэн улсын Монголын эсрэг байлдаж байсан эсвэл монгол цэргийн довтолгооноос сэргийлэн суусан хятад цэргийн тоо ойролцоогоор 68.5 мянгад хүрсэн гэсэн үг.

Энэ үеийн монгол цэргийн тооноос зөвхөн Дундад иргэн улсын цэрэгтэй идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж байсан Таван замын цэргийг тусгайлан сонирхуулъя. Тус чиглэлийн монгол цэргийн тоо 1913 оны зун гэхэд 3,57 дахин өсөж 4300 гаруй болсон нь тухайн үеийн хэвлэлд дурдсан тоотой дүйхгүй байна. Тухайлбал японы «Мансю-ници-ници» болон Дундад иргэн улсын «Шуньтяньшибао» сонины 1913.06 сарын дугаарт: Хөх хотын тойронд одоо 2000 монголын цэргүүд буй хэмээн мэдээлсэн бол Хаалганы орчин тойронд монгол цэргүүд 4000 шахам боллоо гэж «Кокуминь» сонин 1913 оны 6-р сард мэдээлж байв. Бидний бодлоор энд монгол цэргийн тоонд орон нутгийн тухайлбал, Хөх хотын чиглэлд 700-1700 орчим хүнтэй болоод байсан цахар, түмэдийн, Шилийн голын Бандид гэгээн Түмэн гэгчийн захирсан 1000 гаруй сайн дурынхныг нэмсэн бололтой. Харин эдгээр орон нутгийнхан нь тун удалгүй урваж эхэлсэн тул бид 1913 оны дунд үеийн монгол цэргийн тоог гаргахдаа эдгээр орон нутгийнхныг үл тооцоолсон учир 4300 гаруй монгол цэргийн тоонд оруулсангүй. Ер нь таван замын байлдааны ажиллагааны үед баттай баримтаар нийтдээ 3500 орчим орон нутгийнхан хятад цэргийн эсрэг тэмцэж байсан бололтой. Харин Монголын цэрэг нь 1913.08/09 сар буюу намар болоход л сая 5900-аад хүнтэй болсон юм.

Энэ бүхнээс үзвэл Таван замын байлдааны ажиллагаа ид явагдаж байсан 1913 оны зун/намар Өмнөд Монголын чиглэлд хүчний харьцаа хоёр улсын цэргийн хүчний харьцаа 1:6,86 буюу ДИУ хүч илт давуу хэвээр байжээ. Харин Ховд, Алтайн чиглэлд 1:1,81-ийн харьцаатай байсан бол Хүлүнбуйрын чиглэлд хүчний харьцаа 1:2,05 байсан юм. Бүхэлдээ 1913 оны дунд үед хоёр талын хүчний харьцаа 1:5,4 байжээ.

Дундад иргэн улс зөвхөн хүн хүчний төдийгүй зэвсэглэл ялангуяа гал явуулах ихээхэн хүчин чадал бүхий их буу, пулемётоор илт давуу байлаа. 1913 оны гэхэд Өмнөд Монголын нутагт байрласан хятад цэрэгт, зөвхөн Хаалган, Долоннуурын хавьд гэхэд 30 их буу, 16 пулемёт байсан бол Монголын тал байлдааны талбар руу 1913 оны дунд үе гэхэд л дээрх төрлийн зэвсгээс ганц нэгийг хүч нэмэгдүүлэн илгээж эхэлжээ. Мөн тухайлан таван замын цэрэгт 1913 онд баттай баримтаар 1200 орчим нэгж буудлагын зэвсэг илгээсэн юм. Ер нь Монголын Засгийн газраас нийт дүнгээр 10925 нэгж янз бүрийн загварын буудлагын зэвсгийг өмнөд хязгаарын цэрэгтэй илгээсэн байдаг.

Таван замын байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруунаа 1000 шахам км, хойноос урагшаа 144-480 км-ыг хамарсан бүс нутагт болж өнгөрчээ. 1913 онд хятад цэрэгтэй монголчууд байлдаан үүсгэснээс хойш дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг. Эдгээрийн 33-т нь монголчууд амжилт олсон бол 11-д нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000 дээш 5-7 мянган цэрэг, монголын талаас 220-иос 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 хятад цэрэг, монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ. Эл дайн байлдааны үед монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан мөн хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэсэн байдаг. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ч түүвэрлэвэл 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн л алагдсан байна. Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг. Гэтэл хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хүнээ монголчуудад олзлуулсан аж. Хүн хүчний хохирлын ийм хол зөрөө нь монгол цэргийн талаарх баримт ховортой холбогдоно. Монголын цэргийн олзолсон зэвсгийн тухайд гэвэл 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 хасаг тэрэг мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 4-8 их буу түүний 410-аад сум, 421 эсвэл 343 ширхэг сэлмийг хятад цэргээс олзлон хураажээ. Гэтэл хожим 1919 онд монголчуудаас хятадад зэвсэг хураалгасан дансаар 1893 нэгж буудлагын зэвсэг олзолсон нь бидний бодлоор бусад энэ үед болсон байлдаан тулалдааны олзны зэвсгийг нийтэд нь тоолсонтой холбоотой болов уу. Монголчуудаас хятад цэрэгт дансаар 73 буу алдсан байдаг. Харин сурвалжийн өөр нэг мэдээгээр монголчууд нэг байлдаанд 200-аад буу олзлуулж байсан тохиолдол бий.

Монголын цэрэг 1913 оны байлдаанд партизаны дайны маягаар байлдааны ажиллагааг өрнүүлж байжээ. Тухайлбал монголчуудын явуулж буй “дайн нь цэвэр партизаны дайны шинж чанарыг агуулах болов”, “монголчууд одоо партизаны дайны хэлбэрт шилжлээ. ДИУ-ын цэрэг байнга байршлаа өөрчилдөг дайсантайгаа тэмцэж чадахгүй байна”, Хаалган хотын хятадын цэрэг “монголын партизаны баг цэргүүдийн тактикийг судлан сургуулилж  байна” гэсэн мэдээ цөөнгүй бий. Харин цэргийн түүхч Ж.Базарсүрэнгийн судалгаагаар таван замын цэргийн хэрэглэж байсан байлдааны ов мэх, арга нь “уламжлалт морьт цэргийн урлаг зонхилсон хэвээр байсан”, голомтын чанартай төвүүдэд болсноор онцлог бөгөөд орчин үеийн ойлголтоор “жижиг дайны шинжтэй” байна. Таван замын зарим чиглэлийн цэргийн хэрэглэж байсан арга тактикийн тухай баримт, тус байлдаанд оролцогч ахмад дайчдын дуртгалд үлджээ. Тухайлбал гүн Сумъяагийн анги “Зуу-Удын чуулганы Бяруу хотыг эзэлж улмаар Жанчхүүгийн зүг хөдөлж замын дагуу байсан Хятад цэрэгтэй байлдахдаа тэр үед нэрлэгдсэнээр «галзуу  барын дайралт», «хорт могойн ороолт» гэх зэрэг тактикийг хэрэглэжээ. Гэхдээ монгол цэрэг дан ганц уламжлалт аргаар дайн байлдааныг явуулаагүй юм. Учир нь хэд хэдэн удаагийн тулалдаанд монголчууд XX зууны эхэн үед дэлхийн улс орнуудын армид хэрэглэж байсан тактикийг хэрэглэсэн тохиолдол бий. ДИУ-ын цэрэг ч ялгаагүй европ маягийн дайн аргыг хэрэглэж монголчуудыг ялж байсан баримт байна. Жишээ нь Хаалган хот орчимд байрлаж байсан монгол цэргийг довтолсон хятадын Лю Фучжэнь хурандаагийн захирсан хороо цэрэг, монголын цэргийн эзэлсэн байрлалыг тойрон ар талаас нь довтлон ухрааж, хятад цэргүүд тасралтгүй гал явуулж, монголчуудыг дүрэм ёсоор хориглох боломж олголгүй ялсан байдаг. Харин Дамдинсүрэнгийн нэгдсэн удирдлага дор монголын цэрэг байлдааны журам эзлэхдээ төвдөө бага хүчийг талбин хоёр жигүүртээ их хүчийг байрлуулан хятадын цэргийн баруун жигүүрийг ороон бут цохиж байжээ. Тиймээс монголчууд европ маягийн болон уламжлалт байлдааны арга тактикийг хослуулан хэрэглэж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ер нь монголчууд “үргэлж хориглолтоос давшилтад шилжихдээ өөрсдийн тоо багатайг харгалзалгүй хятадын цэргийн дарга нарыг сүрдүүлэх нь учир тэдний (хятадын цэргийн захирагч нараас) шийдвэртэй алхам хийх зоригийг нь мохоодог тохиолдол цөөнгүй байв. Тэр үеийн баримтыг үндэслэвэл монгол цэргийн захирагч нарын дунд нэгдсэн үйл ажиллагаа, бодлого шийдвэр байхгүй гэжээ. Үнэхээр ийм байж болох ч энэ нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байна. Учир нь Дамдинсүрэн Долоннуур хавьд ирсний хойно хятадын цэрэг Долоннуур хотод хүч хуралдуулах болсныг үзээд эхлээд Сумъяа гүний цэргийг, дараа нь Бавуужавын цэргийг татан авчирч хүчээ зузаатгаж байсан бол Чамухунь гэдэг газарт дайсны давуу хүчинд довтлуулж буй монгол цэрэгтээ нэмэлт хүчийг илгээж байжээ.

Холбоотой мэдээ