Зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2023-12-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр  төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдал юм.

Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж түүхчид үздэг.

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эцэс болгон, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилж, бүх нийтээр амардаг болсон.

Холбоотой мэдээ