Ч.Сайханбилэг, “эзэн” Д.Эрдэнэбилэг нар байхгүй ч “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой урьдчилсан хэлэлцүүлэг болно

2023-12-21

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. 

Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд,  Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлыг товлох юм.

Шүүх хурлыг өмнө нь 2023 оны арваннэгдүгээр сарын 21 хийхээр товлосон боловч зарим өмгөөлөгч ирээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэрийг гаргасан.

Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Намайг “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж, Засгийн газрын тогтоол гаргасан шалтгаанаар яллагдагчаар татсан. Миний хувьд хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл байхгүй. Энэ ажил зөвхөн манай Засгийн газрын үед эхлээгүй. “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэр барьж байгуулах асуудал сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжсан асуудал. Хамгийн анх С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхэлж,  дараа нь С.Батболдын Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар, Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хэрэг үүсгээд явж байна.

Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Хэн ч маргах асуудал байхгүй. Монгол төмөрлөгийн үйлдвэртэй болох нь зайлшгүй асуудал. Энэ асуудлыг ярихдаа “Эрдэнэт”-ийн 49 хувь малгайн дор орж ирж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед 2016 оны сонгуулийн өмнө болсон асуудал. Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаад ажлаа өгсөн. Тийм учраас “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэгэн холбоо байхгүй гэдэг нь аль ч утгаараа ойлгомжтой асуудал юм. Шүүх хурлыг нээлттэй ил тод шүүх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж байсан.

Энэ хэргийн хамгийн гол сэжигтнүүд болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “эзэн” хэмээгдэх ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэг гадаад улсад орогносоор байгаа. Тэдний хэргийг тусгаарласан гэдэг.

Холбоотой мэдээ