С.Амарсайхан: Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

2023-12-20
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ.

С.Амарсайхан “Өнгөрсөн долоо хоногт аймаг, сумдаар ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын нөхцөл байдал хүндэрч байгаа.

Эрчим хүч, дулааны эх үүсвэрийн найдвартай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ханиад томууны асуудалтай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Малчдын бойлсон махыг зах зээлд нийлүүлэх чиглэлээр 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байгаа. Малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ. Малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа.

Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа. УОК Шуурхай штаб өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байнгын холбоотой ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ