Б.Чойжилсүрэн: Хятадын талаас цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ илэрхийлсэн ч энэ өвөлдөө авч чадахгүй болсон

2023-12-13
ОХУ-ын талаас манай улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ өмнө нь 345 МВт хүртэл өгдөг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээллээ.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шинээр ашиглалтад орох цахилгаан станцуудын талаар дараах мэдээллийг өгөв.

Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний сэргэлтэд тусгасан хэд хэдэн арга хэмжээнүүд ажил хэрэг болоод явж байна.

  1. Дорнодын цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг ирэх оны нэгдүгээр сардаа багтааж ашиглалтад авах байх.
  2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн тусгайлсан хэлэлцээрүүд хийгдсэн. Шалгарсан “Power China” компани төлөвлөгөөгөө ирүүлсэн байгаа. Дөрвөн жилийн дотор баруун бүст ашиглалтад орно.
  3. Тавантолгойн цахилгаан станцад хоёр оролцогч орж ирсэн ч хоорондоо маргаантай байгаа. Энэ шүүхийн асуудал дуусах юм бол 2024 ондоо багтаад эхэлнэ. 2026 оны төгсгөлөөр 300 МВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орно.
  4. Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хоёр блок цахилгаан станц баригдаад явж байна. 2024 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авна. Хоёр дахь блокийг 2025 оны тавдугаар сардаа ашиглалтад авахаар төлөвлөгдөөд явж байна.

Багануурын цахилгаан станцын хувьд хуучин хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулахгүй гэсэн шалтгаанаар зогсоод байгаа. Шинэ хөрөнгө оруулагч олсон. 2024 оны нэг, хоёрдугаар сардаа ажиллаж эхэлнэ гэж ярьж байгаа. 400 МВт-ын блокоо 30 сараас илүүгүй хугацаанд ашиглалтад авна гэж ярьж байна.

ОХУ-тай ТЭЦ III-ын өргөтгөлөөр хэлэлцээр хийгээд явж байгаа өнгөрсөн оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэлээ хийж ирүүлсэн. Харамсалтай нь үнэ өндөр байгаа. Үнээ буулгах тал дээр хэлэлцээр явж байгаа ч богино хугацаанд энэ төслийг амжилттай дуусгаж чадахгүй байна.

Хятадаас эрчим хүч импортлох асуудлаар өнгөрсөн оноос хэлэлцээр хийгээд явж байна. Өвөр Монголын талаас эрчим хүч нийлүүлье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. “Оюутолгой” ХХК техникийн нөхцөлийг бүрдүүлэхээр 17 орчим сая долларыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой компани дээр техникийн нөхцөлийг хангах тендер зарлагдаад явж байна.

Харамсалтай нь өвлийн оргил ачааллаас өмнө тоног төхөөрөмжөө суурилуулж амжаагүй учраас энэ өвөлдөө Хятадаас цахилгаан эрчим хүч импортолж чадахгүй нөхцөл байдал үүссэн” гэв.

Цахилгаан хязгаарлах болсонтой холбоотойгоор манай улсаас ОХУ-руу ажлын хэсэг явсан бөгөөд газар дээрээс нь бодит мэдээллийг авах юм.

Холбоотой мэдээ