Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг хойшлуулахыг прокурор эсэргүүцсэн ч шүүх хойшлууллаа

2023-12-13

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 11:00 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Өмнө нь эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж, шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан билээ.

Өнөөдөр шүүх хурал цагтаа эхэлсэн ч дахин хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргав. Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэлээ. Харин Улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Холбоотой мэдээ