Орхон аймаг “Би багш” арга зүйн тэмцээний ялагч 14 багшаа БНСУ-д туршлага судлах эрхээр шагнажээ

2023-12-08

Орхон аймаг ерөнхий боловсролын сургуулийн багш нарынхаа  дунд аймгийн Засаг даргын нэрэмжит  “Би багш” арга зүйн тэмцээнийг өнгөрсөн сарын 22-ноос 14 хоногийн турш хоёр үе шаттай  зохион байгуулжээ.

Тэмцээний нэгдүгээр шатанд  бага, дунд, ахлах ангийн 500 орчим багш  мэдлэг ур чадвараа сорьсоноос хоёрдугаар шатанд 164 багш шалгарсан байна.  Тэдгээр багш  монгол хэл, математик, физик, дуу хөгжим зэрэг  14 төрлийн судлагдахуун хичээлээр заах арга зүй, илтгэл гэсэн хоёр төрлөөр өрсөлджээ.

Ингээд   шилдэгээр шалгарсан 14 багшийг  БНСУ-ын  боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эрхээр шагнаж урамшуулсан байна.

Багш мэргэжлийн нэр хүнийг өсгөх, багшийг хөгжүүлэх, сургалтын чанарыг ахиулах зорилгоор орон нутагтаа анх удаа зохион байгуулсан уг тэмцээний хамрах хүрээг тэлж, цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарыг хамруулахаар төлөвлөжээ.

Тус аймгийн төрийн болон хувийн өмчийн 24 сургуульд 1205 багш, 39 цэцэрлэгт 650 багш ажилладаг аж. Тэдгээр багш ажилтны хөгжлийг дэмжиж, мэдлэг, боловсрол ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулах, багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.  Багшийн хөгжлийг тасралтгүй хангах олон талт үйл ажиллагааг уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү  “Би багш” арга зүйн тэмцээн ажээ.

Холбоотой мэдээ