Ч.Хүрэлбаатар: Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгочихвол эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд шийдэгдэнэ

2023-12-07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн тойрогтой холбоотой санал хэллээ.

Ч.Хүрэлбаатар “Нэгдүгээрт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ баталж өгөөч.Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийчихсэн. Дараагийнхаа хэлэлцүүлгийг гүйцээж хиймээр байна. 62 сая тонн нүүрс гарсан байгаа. Эдийн засагтай холбоотой хууль тогтоомжийн байдлаа гаргамаар байна.

Хоёрдугаарт ирэх жил сонгууль болно. УИХ сонгуулийн тов тогтоох ёстой. Хуулийн хугацаа нь дуусаж байна. Сонгуулийн тойргийн асуудлыг ярих ёстой. Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна.

Жижиг тойрогтой яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тиймээс сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ одоогийн тойргоо томсгомоор байна.Тухайлбал, баруун аймгуудыг нэг тойрог болгох хэрэгтэй. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгоод болгочихвол тэнд эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох хэрэгтэй. Иймд УИХ-ын даргаа сонгуулийн тойрог, тов тогтоох тухай асуудлыг томруулах тал дээр ярьж, шийдэж өгөхийг хүсье” гэлээ.

“Тойрог тогтоох тухай асуудлаар хэлэлцүүлэг хийж,  СЕХ, улстөрийн намуудаас санал авахыг УИХ-ын бүлгийн дарга нарт чиглэл болгов”

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Үндсэн хуульд Монгол Улсыг нэг тойрог гэж тодорхойлсон. Тойрог тогтоох асуудлыг хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх ёстой. Тулгаж байгаад шийдэх бус одооноос хэлэлцэх нь зүйтэй гэсэн Ч.Хүрэлбаатар гишүүний гаргасан санал зарчмын хувьд зөв.

Намын бүлгүүд, улс төрийн намуудын саналыг авч ярилцаад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн сонгуулийн тойргийг томсгох асуудлыг судалж үзээд, арванхоёрдугаар сард хэлэлцэх тов тогтооё. Тойрог тогтох тухай асуудлаар ойрын үед хэлэлцүүлэг зохион байгуулж, СЕХ, улс төрийн намуудаас санал авахыг УИХ-ын бүлгийн дарга нарт чиглэл болголоо” гэв.

Холбоотой мэдээ