П.Сайнзориг: Гэр хорооллын 5,000 байшин, 15,000 гэрт цахилгаан халаагуур тараана

2023-12-06
Нийслэлийн 2024 оны төсвийг 2.6 их наяд орчим төгрөгийн орлоготой, 1.1 их наяд орчим төгрөгийн зарлагатай, улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталжээ.

Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх аж.

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуйн нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлжээ. Эдгээрийг эрэмбэлж, нийслэлийн төсвийн 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна..

Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан. Тухайлбал Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ.

Хоёрдугаарт, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг шийдсэн бол ирэх 2024 онд 91 тэрбум орчим төгрөг төсөвлөлөө. Түүнчлэн 42 сургуулийн цайны газрын тохижилт, засварт мөнгө тусгасан.

-Түгжрэлийг бууруулах хүрээнд хэдэн төгрөг тавьж, ямар ажлууд хийх вэ?

-Метроны зөвлөх үйлчилгээний болон ТЭЗҮ, зураг төслийн сонгон шалгаруулалтыг хийснээр ямар өртгөөр метроны нэгдүгээр шугамыг тавих вэ гэдэг шийдэгдэнэ. Үүнд Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа гаргаж байж дараагийн сонгон шалгаруулалтыг хийх юм.

Нийслэлийн гол магистраль замыг өргөтгөж, гэр хорооллын замуудыг холбон хатуу хучилттай зам тавих зэрэгт 77.4 тэрбум төгрөгийг  тусгасан.

Ирэх жилийн төсөв нийслэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадвал 20-25 мянган ажлын байр шинээр бий болгох төсөөлөлтэй байгаа.

Мөн өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд гүйцэтгэл 70 орчим хувьтай байгаа бүх ажлыг дуусгана. Улаанбаатар хотыг бүхэлд нь камержуулахад 80 тэрбум төгрөг тусгасан.

-Нийслэл хотын албан татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн хууль, эрх зүйн үндэслэл юу вэ?

-2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, нэг хувь байгаа татварыг хоёр хувь болгохыг НИТХ шийдэхээр тусгасан.

Хотын албан татварыг архи, тамхины жижиглэн худалдаа гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч гэсэн зургаан төрлийн үйлчилгээ эрхлэгчээс авдаг. Хотын татвараас  16 тэрбум төгрөг төвлөрдөг. Нэмэгдүүлснээр 32 тэрбумын орлого бүрдэх бөгөөд үүнийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулна. Мөн явган хүний зам, дугуйн замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж байгуулахаар болсон. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 30 орчим хувиар, түгжрэлийг мөн хувиар бууруулах зорилт тавьж байна.

Үерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд 24 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөлөө. Үерийн байгууламжийг зөвхөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй. Иймээс олон улсын байгууллагуудтай ярилцаж байна.

Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн 70 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Эдгээрийн ашиглалт, хамгаалалт байгууллагуудын уялдаа холбоогүйгээс дунд нь орхигдож, хариуцах эзэнгүй болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд гарч, Засгийн газарт танилцуулж, эдгээрийг иж бүрнээр нь шийднэ.

-Метроны ТЭЗҮ-ийг 2009, 2016 онд хийж байсан юм билээ. Түүнийг ашиглаж болохгүй юу?

-Эдгээр нь урьдчилсан ТЭЗҮ бөгөөд үүнээс хойш Улаанбаатар хотын нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн. Метроны менежментийн зөвлөх үйлчилгээ, зураг төслийг хийх гэсэн хоёр багц ажил бий. Үүнд маш олон судалгаа хийгддэг. Геологийн, усны хайгуулын өрөмдлөгүүд хийнэ. Энэ ТЭЗҮ, зураг төсөл зөв гарч байж зөв хөрөнгө оруулалт босгоно, өртөг, зардлаа шийднэ.

Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх шалтгаан нь бэлтгэл үе шат болох зураг төслөө хийдэггүй, хэт төсөөллийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулдагтай холбоотой. Хэрэгжүүлье гэхээр барилгын зураг төсөл гэх мэт бичиг баримт нь байхгүй байдаг.

-37 тэрбумаар цахилгаан халаагуур тараана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5,000  байшин, 15,000 гэрт цахилгаан халаагуур тараах юм. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараахаар ярьж байгаа. Мөн давхар шаталттай зуухыг судалж байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий.

Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.

Нийслэлийн ирэх оны төсвийг дараах үндсэн бодлого, чиглэлийг баримталж боловсруулжээ.

  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг  нэмэгдүүлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Холбоотой мэдээ