ХӨСҮТ: Хятадад дэгдээд буй нянгийн гаралтай уушгины хатгаагаар 0-5 насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрч байна

2023-11-28

БНХАУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.

БНХАУ-ын Эрүүл мэндийн төв байгууллагаас арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд хэсгийн бүс нутгуудад хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа нэмэгдэж байна гэж мэдээлжээ. Тодруулбал, микоплазмын шалтгаант уушгины хатгаа ковид, томуугийн халдварын хамт нэмэгдсэн байна. Ковидын хязгаарлалтын цуцалснаар амьсгалын замын халдвар нэмэгдсэн гэж дүгнэсэн байна.

Микоплазмын шалтгаант хатгаа нь дэлхийн бүх улс орны хүн амын дунд бүртгэгдэж байдаг, шинэ биш гэдгийг ХӨСҮТ-ээс онцлов.  Өвчлөлийн үед амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрдэг ч хатгаа болж хүндэрдэг, насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг ч 0-5 насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй байдаг байна.

ХӨСҮТ дээр хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улс дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарч, хүн амын дунд тандалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад уг нянгийн шалтгаант хатгаа бүртгэгдээгүй байна.

Ханиалгах, халуурах, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Иргэдийг цах тахлын үед сахиж байсан хувийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг уриалав. Мөн хилээр зорчихыг хязгаарлахгүй ч БНХАУ-д зорчоод ирсэн тохиолдолд 7-21 хоногийн хугацаанд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ