Хөвсгөл, Булган, Дархан-Уул зэрэг долоон аймгийн зарим сумдаар цас орж, шуурна

2023-11-24

Ирэх амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа.

ЦУОШГ-ын өгсөн мэдээллээр өнөө шөнө /2023.11.24/ Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хот орчим, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд сумдаар цас орж, шуурах юм. Харин маргааш Халх голын сав газар болон баруун аймгуудын зарим газраар цас орно.

Арваннэгдүгээр сарын 26-нд баруун аймгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж шуурна. Энэ үеэр салхины хурд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метрт хүрч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Агаарын температурын хувьд арваннэгдүгээр сарын 25, 26-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч арваннэгдүгээр сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

27-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29-34, өдөртөө -18-23 градус хүйтэн байна.

Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн, харьцангуй дулаан байдаг говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16 -21, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24, өдөртөө -9-14 градус хүйтэн байх төлөв гарлаа хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ