Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана

2023-11-07
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд ЕСБХБ, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн “Хатуу хог хаягдлын салбар дахь институцийн хүчин чадлыг бэхжүүлэх болон Хотын өрийн удирдлагыг сайжруулах хөтөлбөр”-ийн техникийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Энэхүү техник тулалцааг ЕСБХБ болон Япон Улсын Засгийн газар хамтран буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сард багтаан батлуулахаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн хоёр том зорилтод хүрэх эрх зүйн чадамжийг хотод бий болгохоор зорьж уг хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх зэрэг хотын бусад асуудлууд бий. Иймд НЗДТГ-аас ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болно. Мөн цаашид эрх зүйн шинэ орчны хүрээнд санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, шинжилгээ, төлөвлөлт хийхэд техникийн зөвлөгөө авах, Улаанбаатар хотын бонд гаргах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

ЕСБХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач “Манай байгууллага хамтын ажиллагаатай улс орнуудынхаа хотуудтай түлхүү хамтарч, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрдэх чиглэлд ажилладаг. Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын бонд гаргах бол маш чухал ажил. Бондоос босгосон хөрөнгөөр аль болох нарийн судалгаатай, ногоон хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов.

НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ