Ноён уулын олдворуудыг гэрээ ёсоор буцаан авна

2023-11-23

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын улсын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцоход Монгол Улсын Соёлын яам онцгой анхаарал хандуулж байгааг дуулгалаа.

Соёлын сайд Ч.Номин “Монгол нутагт 100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд ХХ зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байсан билээ. Тухайн үеийн шинэ Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ бичиг байгуулан, малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ удаагийн “Ноён уул 100 жилийн туршид” эрдэм шинжилгээний хурлаар Монгол дахь ХХ зууны анхны археологийн судалгаа, анхны төрт улс Хүннүгийн хаад язгууртны онгоныг судалсан үр дүнгээ хэлэлцэж байгаа гэж ойлгож байна.

Малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдвор илэрч, олдсон ч тухайн цаг үед сэргээн засварлах, нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авч ирснийг бид сайн мэдэж байгаа.

Тухайн үед Монголын төрөөс өөрийн эрх зүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг өгч явуулсан. Мэдээж энэ дурсгалыг сэргээн засварлах ажлыг ОХУ-ын эрдэмтэн судлаачид маш сайн хийсэн. Харин өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, Монголын ард түмэн өөрийн гайхамшигт түүх дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж, дахин судлах зорилгоор эдгээр түүхэн дурсгалаас анх авч ирсэн гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байгаагаар илэрхийлж байна” гэжээ.

Холбоотой мэдээ