Г.Дамдинням: Ногоон автобусны 400 тэрбум бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг

2023-11-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: “Нүүрсний хулгай гээд ард иргэд өвлийн хүйтэнд сар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж, төр засагтаа шударга ёсыг авч ирээч ээ гээд шаардсан. Засгийн газар идэвхи санаачлагатай ажиллана гэж амласан. Загасны ой санамжтай байгаа юм шиг л харагдаад байх юм. Хянан шалгалтын ажил ямар төвшинд явж байна гэдгийг асуух шаардлагатай болж байна.

Үйлдвэржилтийн байнгын хороон дээр өчигдөр Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хийсэн аудитын дүгнэлт орж ирсэн. Аудит маш сайн ажилласан байна лээ. Аймшигтай тоонууд харагдаж байна лээ. 950.7 тэрбумаар хийнэ гэж төсөвт өртөг батлуулчихаад 3 их наяд 653 тэрбум төгрөгөөр хийсэн байгаа юм. 3.8 дахин их үнээр төмөр зам барьсан. Гарын ариутгагч 1000 төгрөгөөр авна гэж хэлчихээд 5000-аар авбал хэн ч шоронд орно. Гэтэл энэ хоёр төмөр зам дээр хэн ч шоронд ордоггүй,  Аудит бодитой гаргаад ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штабыг оруулах хууль эрх зүйн орчин тодорхойгүй байхад улсын нууцад оруулж байгаад баахан шууд худалдан авалт хийчихсэн. Саяхан ногоон автобусны дуулиан дэгдсэн.  Ногоон автобусны 400 тэрбум бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг шүү.

Гэтэл Хянан шалгах хорооны танилцуулгад төмөр замтай холбоотой нэг ч үг алга, юуг нь хянах гээд байгаа юм. Аудит хянаад гаргаад ирсэн байна ш дээ. Бүх юм нь хууль зөрччихсөн. Гэтэл ганц компанийн жижиг худалдан авалт шалгасан болоод дуусах юм уу.

Монголын бүх ард түмэн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс тавантолгой” –н 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчөөд ногдол ашгийг нь хүчээр Тавантолгойн төмөр замын хөрөнгө оруулалт руу хийгээд, үнийг нь дөрөв нугалаад хулгай хийгээд идчихсэн. Гэтэл энэ нь  Хянан шалгалтын түр хорооны таницлуулгад байхгүй.

Нүүрснээс орж ирсэн мөнгийг төмөр замын том төсөл гэдэг юм руу хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн энэ асуудлыг яагаад Хянан шалгах хороон дээрээ ярихгүй байгаа юм бэ, Б.Энхбаяр аа. Эдийн засгийн байнггын хорооны дарга аа. Аудитын дүгнэлтийг УИХ дээрээ яримаар байна, Г.Занданшатар дарга аа. Бүх ард түмний хувьцаа эзэмшиж байгаа компаниас бүх мөнгийг төмөр зам руу оруулж байгаад хулгайлаад идчихсэн” гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар: :Хянан шалгалтын түр хороооны асуудал яригдаж байна. Надаас асуугаад байх шаардлага ч байхгүй,  дэг ч байхгүй. Дэгээрээ явна.

Улмаар Хянан шалгалтын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болж, чөлөөлөгдсөн тул орны хүнийг томилж буй юм” гэв.

Холбоотой мэдээ