Б.Жавхлан: Ирэх жилийн 4.9 их наяд төгрөг дээр нэмэгдсэн зардлын 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл

2023-11-13
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр 2024 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байна. Үүнээс 1.5 их наяд нь энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулсан зардал байлаа. Ингээд төсвийн гүйцэтгэлээрээ орлого биелээд явж байна. Ирэх жил эдгээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж, төсөвт оруулах суурь зардал нь 3.4 их наяд төгрөг болж байгаа. Энийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх.

Бид цар тахал, дэлхийн геополитикийн дайны нөхцөл байдалтай нүүр туллаа. Өнгөрсөн 2019 оныг хүртэл жил болгон цалин, тэтгэврээ дор хаяж 6-8 хувь нэмдэг байсан бол сүүлийн гурван жилд баланс алдагдсан. Тэр бүр нэмж чадаагүй. Инфляци ч өндөр байсан. Тийм учраас энийг бид эхний боломжоороо нэмж байгаа юм.

Ирэх жилийн 4.9 их наяд төгрөг дээр нэмэгдсэн зардлын 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл. Мөн 20-иад хувь нь ирэх жилээс хэрэгжих Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын шууд зардалд зарцуулна. Ирэх жил нэг удаагийн арга хэмжээ болох Олимп, УИХ-ын сонгууль болно. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрыг өгнө.

Аймгийн удирдлагуудтай жил бүр гэрээ хийж байгаа. Жил бүр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, өөрсдөө бүрэн бэлтгэлээ хангах ёстой. Юм болгоныг Засгийн газрын нөөц сангаас хариуцна гэж байхгүй. Дийлэх ч үгүй. Сүүлийн хоёр жил 80 тэрбум төгрөгийг нөөцөлж байна.

Улсын үйлдвэрийн газруудад томоохон өөрчлөлтийг хийж, Төсвийн хэмнэлтийн хүрээнд чанга бодлого барина. Тухайн үйлдвэрийн  төсвийн орлогыг төвлөрүүлж, үндсэн үйл ажиллагаа, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Мөн нэг хувиас давсан хөрөнгө оруулалттай бол шаардлагатай бол УИХ-аар батлуулдаг болно. Сүүлийн хоёр жил улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нь эрс нэмэгдсэн.

Архидан согтууруулахтай тэмцэх сан 2022 оны долдугаар сард шинээр нэмэгдсэн. Сангийн журам 2023 оны нэгдүгээр сард гарсан. Энэ санд найман  тэрбум төгрөг төвлөрсөн” гэлээ.

Холбоотой мэдээ