Алдарт Пабло Пикассогийн “Цагтай эмэгтэй” зураг дуудлага худалдаагаар 139.3 сая доллараар зарагджээ.

2023-11-10

Sotheby’s дуудлага худалдаагаар урьд нь цуглуулагч Эмили Фишер Ландаугийн эзэмшиж байсан Пабло Пикассогийн “Цагтай эмэгтэй” уран зураг 139.3 сая доллараар зарагджээ. Энэ нь уран бүтээлчийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй хоёр дахь бүтээл болжээ.

Зураач Пабло Пикассогийн “Цагтай эмэгтэй” (Femme a la Montre) зураг Sotheby’s дэлгүүрт 139.3 сая доллараар зарагдсан тухай Bloomberg мэдээллээ.

“Цагтай эмэгтэй” зургийг 1932 онд зурсан бөгөөд уг бүтээлийг анх ойролцоогоор 120 сая доллараар үнэлжээ. 130х97 см хэмжээтэй уг зурагт Пикассо Францын загвар өмсөгч, “алтан муза” Мари-Терезе Уолтерыг бугуйн цагтай дүрсэлжээ. Зургийг бүтээхэд түүнд урам зориг өгсөн 17 настай охин болон зураач хоёрын харилцаа нь балетчин Ольга Хохловатай гэрлэх үеэр нь эхэлжээ. Хосууд хэдэн жилийн турш болзож байсан аж.

Bloomberg-ийн мэдээлснээр дуудлага худалдаачин Оливер Баркер Пикассогийн зургийг 95 сая доллараар үнэлж, дараа нь үнийн санал маш хурдан 110 сая ам.доллар болтлоо өссөн байна. Гурван оролцогчид дөрвөн минут орчим хугацаанд үнийг аажмаар өсгөсний эцэст 121 сая долларын эцсийн үнэд хүрчээ. Уг зургийг худалдан авагчийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Зургийн эцсийн үнэ нь Sotheby’s дуудлага худалдааны ордны хураамжийг оруулаад 139.3 сая доллар болжээ.

Өмнө нь “Цагтай эмэгтэй” нь Америкийн урлагийн Уитни музейн итгэмжлэгдсэн төлөөлөгч асан, цуглуулагч Эмили Фишер Ландаугийнх байв. Тэрээр 1968 онд уг бүтээлийг олж авсан. Цуглуулагч 2023 оны эхээр 102 насандаа таалал төгсжээ. Sotheby’s дуудлага худалдааны ордны арваннэгдүгээр сард дуудлага худалдаагаар зарах Ландау-гийн цуглуулгын нийт үнэ 400 сая гаруй доллараар үнэлэгдэж байна.

Пабло Пикассогийн хамгийн үнэтэй зураг бол 2015 онд Нью-Йорк дахь Кристигийн дуудлага худалдаагаар 179 сая доллараар зарагдсан “Алжир эмэгтэйчүүд” (Les Femmes d’Alger) бүтээл ажээ.

Холбоотой мэдээ