Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүдтэй хамт, бизнесийнхэнтэй уулзах үеэрээ төр засгийн зүгээс хариуцлагын тогтолцоог бүх шатанд бий болгох, авлига бий болгохгүйн төлөө төр илүү цахимжиж, цомхон болохын төлөө ажиллаж байна.
Хувийн хэвшил энэ төвшинд хүрэх хэмжээнд байна уу гэдгийг дотооддоо яриач ээ гэсэн. Танхимын хуулийг шинэчлэн өргөн барих болсонтой холбогдуулж, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод нээлттэй болгох шаардлага үүсч байгаа.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ нь 21 аймаг, Улаанбаатар хотод салбартай. Хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж буй салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно. Уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд уг салбарыг төлөөлсөн мэргэжлийн холбоог МҮХАҮТ-ын дотор байгуулна. Энэ загвар Герман, Турк, БНСУ-д туршигдсан.
Энэ нь төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг мэргэжлийн түвшинд төлөөлж, төртэй харилцах харилцааг бий болгоно.
Төрийн бус байгууллагуудын бүтэц, хариуцлага хүлээх чадвар хангалттай биш гэж олон нийт шүүмжилдэг. Төрийн бус байгууллагыг нэг болон бүлэг хүн байгуулдаг. Эцсийн эзэмшигч нь хувь хүн болчхоод байдаг учир мэргэжлийн холбоо гэж үзэж төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломж бүрддэггүй. Тухайлбал МОНАДА байгууллага нэг хүний өмчлөлийн төрийн бус байгууллага болчихоод төрийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэх болохоор асуудал үүсдэг.
Хуулийн шинэчлэлээр хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Компанийн төлбөрийн чадваргүй болсныг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод явуулах, татварын зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдэв.