С.Чинзориг: Гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг төрөөс олгох төсөл боловсруулна

2023-11-08

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэхүү хуулийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулахын зэрэгцээ Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэхэд шаардагдах орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх,  нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалт тусгажээ. Мөн зайлшгүй шалтгаанаар гадаадад эмчлүүлж буй иргэдийн эмчилгээний зардлын 20 хувь, хүүхдэд 50 хувийг буцааж олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын оршуулгын зардал олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ талаар “Орчин үеийн эрүүл мэндийн шинэ, дэвшилтэд технологи нэвтрүүлэхтэй холбоотой зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцахад санхүүгийн хувьд боломжгүй. Иймд оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж худалдан авах, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахтай холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдээ багаар нь чадавхжуулах  зардлыг тус сангаас шийдэхээр тусгасан. Шинэ технологи Монголд нутагшлаа гэсэн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргасан нөхцөлд дараагийн шат буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авна. Бид тэр боломжийг нь нээж өгөх юм.

Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдаад ирсэн иргэдэд олгож байгаа зардлынх нь хэмжээг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлье. Нэг хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцааж олгохоор төсөл боловсруулж урьдчилсан тооцоо, судалгааг хийж байгаа. Энэ хууль батлагдвал Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална” гэв.

Түүнчлэн жил бүр Эрүүл мэндийг дэмжих санд улсын төсвөөс 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа онцоллоо.

2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаад эмчилгээний зардлын нэхэмжлэл ирүүлсний 5 хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлжээ.

Холбоотой мэдээ