“Nike” компани “New Balance” болон “Skechers” компанийг шүүхэд өгчээ

2023-11-08

Спорт хувцас, гутлын алдарт брэнд Nike компани оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэргээр New Balance болон Skechers компаниудыг шүүхэд өгчээ. Ройтерс агентлаг Nike-ийн мэдэгдлийн тухай мэдээллээ.

Патентийн зөрчил нь Nike пүүзний дээд хэсгийг үйлдвэрлэх технологитой холбоотой ажээ. Нэхэмжлэлийн дагуу New Balance болон Skechers компани Nike-ийн эзэмшдэг Flyknit технологийг гүйлт, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн гутал үйлдвэрлэхэд ашигладаг байна. Ялангуяа Fresh Foam, FuelCell-ийн New Balance загварууд, мөн Skechers-ийн Ultra Flex, Glide Step загваруудын тухай ярьж байгаа аж.

Nike тодорхойгүй хэмжээний хохирлыг барагдуулахын зэрэгцээ New Balance болон Skechers компаниас патентыг зөрчихийг зогсоох арга хэмжээ авахыг хүсч байна.

New Balance компани нь “өрсөлдөгчдийн оюуны өмчийн эрхийг бүрэн хүндэтгэдэг” гэж онцолсон гэж Ройтерс бичжээ. Үүний зэрэгцээ тэд Nike-д “олон арван жилийн турш үйлдвэрт ашиглагдаж ирсэн” гутал үйлдвэрлэх онцгой эрх байхгүй гэдгийг тэмдэглэжээ.

Өмнө нь Nike компани Adidas, Puma, Lululemon компаниудыг патентын эрхийг зөрчсөн гэж буруутгаж байсан. Үүний үр дүнд Adidas болон Puma-тай холбоотой хэрэг шийдэгдэж, Lululemon-той холбоотой хэрэг маргаан үргэлжилж байна гэж Ройтерс агентлаг тодруулан нийтэлжээ.

Холбоотой мэдээ