Балбын Ерөнхийлөгч газар хөдлөлтийн улмаас Европт хийх айлчлалаа хойшлуулжээ

2023-11-07

Балбын Ерөнхийлөгч Рам Чандра Поудер газар хөдлөлтийн улмаас 11-р сарын 8-17-нд Европт хийх анхны албан ёсны айлчлалаа хойшлууллаа. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Суреш Чандра Чализ мэдэгдсэнийг Катманду Пост сонин иш татан мэдээллээ.

“Баасан гаригт болсон газар хөдлөлтийн дараа тус улс хямралын байдалд байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй хямралын улмаас тус улс гашуудаж байна. Тиймээс Ерөнхийлөгч айлчлалаа хойшлуулах шийдвэр гаргасан” гэж ноён Чализ хэллээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх Киран Похарелийн хэлснээр өнөөдөр, арваннэгдүгээр сарын 7-нд Ерөнхийлөгч “нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын тулд” газар хөдлөлтөд хамгийн их өртсөн бүс нутагт очиж ажиллаж байна.

Рам Чандра Поудер аялалынхаа үеэр Франц, Итали, Германд айлчлахаар төлөвлөж байжээ. Тодруулбал, Балбын Ерөнхийлөгч зургаа дахь удаагийн Парисын энх тайвны форумд (11-р сарын 10-11) оролцохоор төлөвлөж байжээ.

Балбад арваннэгдүгээр сарын 3-нд газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр 157 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна. Газар хөдлөлтийн чичиргээ газар хөдлөлтийн голомтоос 800 гаруй км-ийн зайд орших Шинэ Дели хотод мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Балбын нийслэл Катманду хотоос 400 км-ийн зайд оршдог Жайяркот орчимд болсон байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд мөн 4.5 ба 5.3 баллын хоёр чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Холбоотой мэдээ