Орхон аймаг 2023 онд тамирчдынхаа уралдаан, тэмцээний зардалд 390 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

2023-11-04

2023 онд Орхон аймаг улс, бүсийн аварга шалгаруулах, нэрэмжит гэхчлэн 435 уралдаан тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулжээ.

Тэдгээрээс дурьдвал Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмнийспортын өвлийн XVI наадам, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам, пауэрлифтингийн улсын аварга, Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах тэмцээн байна.

Давхардсан тоогоор тус аймгийн 3000 орчим тамирчин тив, дэлхий, олон улс, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 482 нь амжилт үзүүлж Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нэрийг гаргажээ.

Энэ бүхэнд аймаг орон нутгаас 390 сая төгрөгийн дэмжлэгийг олгосон байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн лигийн тамирчдын бэлтгэлд 70 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Эрдэнэтийн уурхайчид” дээд лигийн аварга болсон.

Тухайн жилдээ амжилт гаргасан багш дасгалжуулагчид, тамирчдаа аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулдаг уламжлалтай аж. 2022 онд олон улс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчид, шилдэг таван спортын холбоодыг 42 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

Мөн тамирчдынхаа гаргасан амжилтыг мялааж улсын начин Ө.Батзулд хоёр өрөө, дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулд нэг байр олгосон нь нийгмийн асуудлыг  шийдсэн бодит дэмжлэг болж чадсан.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгор аймагт болсон. Уг тэмцээнд Орхон аймгийн өсвөрийн 217 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдөж, багийн дүнгээр II байрт шалгарсан.

Аливаа уралдаан тэмцээнд оролцож буй баг тамирчид хувцас жигдрэлтээс эхлээд бусад  олон зүйлс нь  тухайн улсын болон аймаг орон нутгийнхаа  нүүр царай болдог.  Уг тэмцээнд оролцсон 200 гаруй өсвөрийн тамирчдынхаа хувцас хэрэглэлд орон нутгийн удирдлагууд анхаарч  25 сая төгрөгийг шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ