Нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 13-н хүртэл хойшлууллаа

2023-10-30
11 хүнд холбогдох нүүрсний гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч Г.Наранбаатар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлсэн.

Тиймээс нүүрсний гэх тодотголтой гэм буруугийн шүүх хуралдааныг энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:30 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,

  • 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/,
  • 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/,
  • 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/,
  • 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
  • 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/,
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.

Эх сурвалж:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 

Холбоотой мэдээ