Нийсэл-384: Өргөөгөөс Номын Хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээнээс Улаанбаатар

2023-10-29

Өнөөдөр 10 дугаар сарын 29-ний өдөр. 384 жилийн өмнөх энэ өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх эхэлсэн.

Өргөө үүсэн байгуулагдсан нь

Нийслэл Улаанбаатар хот Монгол улсын төв хойд хэсэгт Богд хан уулын ар, Хатан Туул голын хөвөөнд, далайн төвшнөөс дээш 1310 метр өндөрт оршдог.

Манай хуучин тооллын туулай жил 1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг “Гэгээн” хэмээн зарлаж, Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт Цагаан нуур хэмээх газар орд өргөө босгожээ. Эндээс хотын маань түүх эхэлнэ. Дараа нь цагаан бар жил /1650 он/ Жавзундамба хутагт хэмээх цол өргөмжлөөд орон сууц, шүтээний байрыг хамтруулан Өргөө гэж нэрлэжээ.

Өргөө нь нийтдээ 29 удаа нутаг сэлгэн нүүсээр 1778 онд нэг газраа суурьшсан байна. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн үе үед өөрөөр нэрлэгдсээр ирсэн бөгөөд Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэсэн Хааны зарлиг гарсан юм.

Өргөөгөөс Нийслэл Хүрээ

1911 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс байгуулагдмагц албан ёсоор “Нийслэл Хүрээ” гэж нэрлэгдэх болж, албан ёсны статустай болсон. Энэ үеэс л Монгол улсын төр, засаг захиргааны төв төдийгүй эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг нийгмийн бүхий л салбарын төв болсон билээ.

Нэг хэсэг хятадын гамин цэрэг, дараа нь хэсэгхэн хугацаанд оросын оргодол цагаан цэрэг манай “Нийслэл хүрээ”-г эзэрхийлж байсан түүх бий.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот

1921 оны долоодугаар сарын эхээр Ардын журамт цэрэг, Зөвлөлтийн улаан цэргийн хамт орж ирсэн. 1924 онд Монгол улсын анхдугаар Их хурлаар “Нийслэл Хүрээ”-г Улаанбаатар хот хэмээн нэрийдсэн бүлгээ.

Энэхүү Улаанбаатар хэмээх нэрийг Коминтерний төлөөлөгч Рыскулов өгсөн хэмээдэг. Казак эсэхүл киргиз үндэстэн тэрбээр аавынхаа “Улаан” хэмээх алдартай морьтой байсныг дурсаж ийм нэр санал болгосон гэдэг. Энэ тухай зохиолч Т.Султан бичиж байсан түүхтэй. 1925 онд нийслэлийн иргэдийн хурлаас Улаанбаатар хотын жинхэнэ захиргааг байгуулсан юм. Энэ үед Улаанбаатар хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байлаа.

Социализмын 70 жилд “Эсгий хот” хэмээх нэр “Азийн цагаан дагина” хэмээх нэрээр солигдсон юм. Энэ нэрийг авч байх тэр цагт нийслэлд баригдаж байсан барилгууд ихэнх нь цагаан өнгөтэй байсантай холбоотой юм. Мөн энэ хооронд эсгий гэрүүд цөөрч, барилгууд тэр дундаа орон сууцнууд ихэссэн болохыг түүх гэрчилдэг. Энэ үед театр, кино театр, музей зэрэг урлаг соёлын төвүүд олноор баригдсан. Гэвч нөгөө талаар өмнөх үеийн сүм хийдүүдийн бараг ихэнх нь устгагдсан байлаа.

МАН-ын хотын намын хороо 1930 оноос Улаанбаатар хотыг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, 1937 онд  Улаанбаатар хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх ажлыг эрхэлсэн тусгай хэсгийг Сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулжээ.

1940-1949 онд хотыг сайжруулах 10 жилийн тойм төлөвлөгөө гаргасан боловч хэрэгжүүлэх үйл явцад дэлхийн II дайн сөргөөр нөлөөлж байсан ч хотоо хөгжүүлэхийн төлөө бололцоотой бүхнийг хийж иржээ.

Тухайлбал, 1946-1950 онд Улаанбаатар хотын төв хэсэг, Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын орон сууц, талбайн зүүн хэсэгт улсын төв театрын барилга, түүнээс урагш гадаад яамны байшин, төв поликлиник, нэгдүгээр амаржих газар, улсын нийтийн номын сан, баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр, Алтай зочид буудал / одоогийн нийслэлийн ЗДТГ/ хоймор талд нь Засгийн ордны барилгыг барьжээ.

1954 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар Ерөнхий төлөвлөгөөг Москва хотын “Гипрогор” институтэд боловсруулж, 1960 он хүртэл мөрдөж, I, II 40 мянгат, 50 мянгатын орон сууц, Улаанбаатар зочид буудал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Ард кино театр, Гурилын үйлдвэр, II цахилгаан станц, Улсын их дэлгүүр, Талх чихэр боовны үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудыг барьжээ. Мөн хотын ус түгээгүүр, ариутгах татуургын шугам хоолой тавих инженерийн байгууламжууд ашиглалтад орж нийслэлд дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламжийн нэгдсэн систем бий болсон байна.

Чухам энэ үеэс л тохилог орон сууц, иргэний барилга байгууламж, орчны зам талбай, гэрэлтүүлэг, цахилгаан дулааны эрчим хүч, радио, холбоо, ус түгээгүүр, ариутгах татуурга, төрөл бүрийн үйлчилгээний цэг салбар бүхий орчин үеийн олон хорооллууд бий болжээ.

Улаанбаатар хотыг барилгажуулах ажлын хоёр дахь үе буюу эрчимтэй үе нь 1961 оноос эхэлж, хотыг хөгжүүлэх хоёр дахь Ерөнхий төлөвлөгөөг баталж хэрэгжүүлсэн нь барилгын үйлдвэрлэлд угсармал төмөр бетон хийц нэвтэрч, шинэ технологи, техникийн дэвшлийн бодлого эхэлж, нийслэлийн барилгажилт эрчимтэй өрнөсөн байна. Үүний үр дүнд жилд 140 000 м.кв угсармал байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орж, орон сууцны иж бүрэн хорооллууд баригдсан байна.

Нийслэл хотод их бүтээн байгуулалт тухайн үед ямар их эрчимтэй өрнөж байсныг “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Аман хуур” зэрэг монголын уран сайхны кинонд тодорхой харуулсныг үзэж болно.

Улаанбаатар хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх гурав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулан 1976 онд баталснаар Улаанбаатар хотыг орон сууцны 21 хороолол, үйлдвэрлэлийн район болгон, Зуун мод, Баянцогт, Эмээлт, Сонгино, Налайх зэрэг дагуул хоттой цогцолбор хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээрийг эрчим хүчээр хангах IV цахилгаан станц, Сүүний комбинат, Талх чихрийн үйлдвэр, Ээрмэл, Сүлжмэл эдлэлийн хоёрдугаар үйлдвэр, Говь комбинат, гутлын зэрэг олон арван үйлдвэр, Нисэх-Хайлааст, Баянхошуу, Баруун наран, Гачуурт зэрэг газарт 925 хүний суудалтай ерөнхий боловсролын 25 сургууль, цэцэрлэг ясли, 30 гаруй ус түгээгүүрийн цэг 120 гаруй, нийтийн халуун ус 20 гаруй ахуй үйлчилгээний цэг 10 гаруйг барьжээ. Үүнээс хойш дөрөв болон тав дах ерөнхий төлөвлөгөө, нэг тодотголыг боловсруулан баталж, энэ төлөвлөлтийн үндсэн дээр нийслэл хот маань Ази, Европ хосолсон хэв шинж бүхий хот болон хөгжиж байна.

Ерөнхийдөө 1950-1980-аад он нийслэл Улаанбаатар хотын хувьд хөгжил цэцэглэлтийн он жилүүд байлаа. Эдгээр он жилүүдэд нийслэл хот өнөөгийн дүр төрхөө олсон билээ. 1990-ээд оны нийгмийн шилжилтээс шалтгаалж хотын хөгжил нэг хэсэгтээ зогсолтод орсон.

Гэвч 1990-ээд оны сүүлчээс нийслэлийн хөгжил эрчимжсэн. Мөн хот руу тэмүүлэгчид ихсэн хүн ам нийслэлд хэт ихээр төвлөрөх болсон. Ер нь бол Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь дөрвөн уулын хонхортоо чихэлдэх болсон билээ. Энэ бүхнээс болж утаа, машины түгжрэл зэрэг үе үеийн нийслэлийн эрх баригчдын толгойн өвчин болсон асуудлууд нүүр тулан ирсэн юм.

Улаанбаатар хот нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар дөрвөн районтой болж шинээр зохион байгуулагдсан байдаг. 1992 онд шинэ Үндсэн хуулийн дагуу дахин засаг захиргааны шинэчлэл хийгдсэн.

Энэ шинэчлэлээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай, Багануур гэсэн есөн дүүрэгтэй болсон билээ.

Улаанбаатар хот нь өдгөө 1,6 сая хүн амтай бөгөөд нийт газар нутгийн хэмжээ нь 4,704.4 км² юм. Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог юм.

Нийслэл хотыг 4 жил тутамд хотынхоо иргэдээс сонгогддог Нийслэлийн Иргэдийн Хурал удирдах ба НИТХ-аас нийслэлийн Засаг даргын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилдаг.

Холбоотой мэдээ