Монголын дүрслэх урлагийн 2023 оны шилдэг бүтээлүүд

Монгол Улсын Засгийн Газрын “Журам батлах тухай” 2006 оны 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах “Оны шилдэг бүтээл 2023” үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 11-25-ны хооронд үзэгчдийн мэлмийд хүрч шилдэг бүтээлүүд тодорлоо.

Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 81 уран бүтээлчийн 99 бүтээл ирснээс Мэргэжлийн зөвлөл нэгдүгээр шатны шалгаруулалтаар журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, бүрэн хатаагүй, ур хийц муу, гоо зүй, уран сайхны болон үзэсгэлэнгийн шаардлага хангахгүй үзүүлэлтээр 36 бүтээлийг хасаж 63 бүтээл шалгарч үзэсгэлэнд дэглэгдсэн юм.

Уг шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээс Соёлын сайдын баталсан мэргэжлийн зөвлөлийн гишүүд гурван бүтээлийг шилдгээр шалгаруулан шагнал гардуулах ёслол өчигдөр /2023.10.25/ амжилттай болж өндөрлөлөө.

1. Керамик барималч, уран бүтээлч Н.Сүхбүрэн “Инээмтгий хайр” 2023 он, Керамик, шаазан, шил, 92х35х30 см

Хайрыг хүчилж биш аргадаж хайрлаач. Хүмүүн бид хайрын гуйлгачин байхгүй байгаасай хэмээн уг бүтээлээ туурвижээ. Уг бүтээл нь Швейцарын Цюрих хотод 11 сард гарах бие даасан үзэсгэлэнгийн хамгийн гол бүтээлийнх нь эх загвар юм.

2. М.Мөнхзул “Манлайбаатар” 2022 он, модон сийлбэр 180х45х45 см

Уран сийлбэрч М.Мөнхзул нь уг бүтээлээрээ Монгол Улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дамдинсүрэн Манлайбаатрын хувь хүний мөн чанар, итгэл найдвар, төгс байдлыг хүсэж буй хурц ширүүн төрхийг сэтгэл зүй характерын хамт модон баримлын аргачлалаар харуулахыг зорьжээ. Энэхүү бүтээл нь “Тусгаар тогтнол-2022” үзэсгэлэнгээс тэргүүн байр эзэлсэн юм.

3. Уран бүтээлч Т.Даваасамбуу “Тоонот” 2023 он, хүрэл цутгамал, 70х50х20 см

Энэхүү бүтээлд Монгол гэрийн тооно дор багана мэт хоёр хүн нэгэн зүгт харан зогсож байгаа нь ирээдүй рүү хамтдаа тэмүүлж буй амьдралын нэгэн мөн чанарыг дүрслэхийг зорьсон хэмээжээ.

Дашрамд дурдахад “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2006 оноос хойш 147 шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдан авч сан хөмрөгөө баяжуулаад байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn