“Норвегийн баялгийн сан” өнгөрсөн улиралд 34 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

2023-10-25

Дэлхийн хамгийн том баялгийн сан болох Норвегийн баялгийн сан гуравдугаар улиралд 34 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын алдагдал хүлээсэн бөгөөд үүний шалтгаан нь “макро суурь” болон зээлийн хүүгийн өсөлт үргэлжилсэнтэй холбоотой ажээ.

Норвегийн баялгийн сан 2023 оны гуравдугаар улиралд 374 тэрбум крон буюу 33.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын алдагдал хүлээсэн байна. Тус сангийн зах зээлийн үнэлгээ гурван сарын хугацаанд 499 тэрбум кроноор (45.1 тэрбум доллар) буурч, гуравдугаар улиралд 14.801 их наяд крон (1.338 их наяд доллар) болсон гэж дэлхийн хамгийн том баялгийн сангийн тайланд дурджээ.

Сангийн хөрөнгийн үнийн дүнгийн 70.6%-ийг бүрдүүлдэг хувьцааны хөрөнгө оруулалт 2.1%-иар хасагдаж, хөрөнгийнх нь дөрөвний нэгийг эзэлдэг тогтмол орлоготой хөрөнгө оруулалт 2.2%-ийн алдагдалтай болсон ба үл хөдлөх хөрөнгө 3.3%-ийн алдагдалтай гарсан байна. “Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ улирал өмнөх хоёртой харьцуулахад сул байсан. Ялангуяа технологи, аж үйлдвэр, хэрэглээний салбар ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн” гэж тус сангийн дэд захирал Тронд Гранде мэдэгдэлдээ дурджээ.

Гранде “Ройтерс” агентлагт хэлэхдээ хөрөнгийн үнэ цэнийн бууралт өргөн цар хүрээтэй байгаа нь “магадгүй зарим үндсэн макро хүчин зүйл үүнд нөлөөлж байгааг харуулж байна” гэжээ. Нэмж дурдахад тэрээр “Зээлийн хүү үргэлжлэн нэмэгдэж байна” гэж тэмдэглэжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувьцаанууд бусад хөрөнгийн ангиллаас давсан, гэвч өсөлт нь “АНУ-ын хэд хэдэн хэт том технологийн компаниудад төвлөрсөн” тул сан “санаа зовниж” байна гэж Гранде хэллээ.

Израиль болон ХАМАС-ын хоорондох дайны талаар Гранде хэлэхдээ, энэ нь бүс нутгийн томоохон мөргөлдөөн болж хувирах магадлалтай тул “мэдээж түгшээх шалтгаан болж байна” гэжээ. Гэсэн хэдий ч тус сан одоо энэ хүчин зүйлийн улмаас эрсдэлд бага өртөж байна, дайн эхлэхийн өмнөх өдөр түүний хөрөнгө оруулалтын ердөө 0.1% нь 20.4 тэрбум крон (1.84 тэрбум доллар)-тай тэнцэхүйц Израильд байжээ.

2022 оны наймдугаар сард Норвегийн Үндэсний баялгийн сан оны эхний хагаст 174 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдээлсэн. Тус сангийн ерөнхий захирал Николай Танген хөрөнгийн зах зээлийн уналтыг зээлийн хүүгийн өсөлт, өндөр инфляци, Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа” зэрэгтэй холбон тайлбарлаж байлаа.

Холбоотой мэдээ