О.Цогтгэрэл: Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн

2023-10-23

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр Covid-19 цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг ил болгох ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлосон байсан ч хойшлуулав.

Энэ талаар сонсголыг удирдахаар томилогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулахын тулд эрх баригчид хянан шалгагч томилоод асар их мэдээлэл цуглуулаад түүн дээр шинжээчдийг  бүтэн нэг жил ажиллуулсан. Харин бид нар 14 хоногийн хугацаанд 3 шинжээч томилж өгөөч гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй.

Төрийн албанаас ирүүлж байгаа мэдээлэл хэт ерөнхий. Сонсгол зохион байгуулсан нэр зүүгээд л өнгөрөх төдий мэдээлэл ирүүлсэн.

Энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр УИХ дээр цар тахлын үеийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах товлогдсон. Энэ сонсголтой холбоотой заавал шинжээч томилох хэрэгтэй байна. Иргэдээс ирсэн мэдээллийг хэн нэгэн улс төрч аваад ашиглаж болох эсэхэд анхаарах хэрэгтэй.

Иргэдээс ирсэн Эрүүл мэндийн яамны бодлогын асуудлын мэдээллийг дурдъя.

  • 63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан. Магадгүй ямар ч шаардлагагүй болсон байх үед нь 20 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Энэ нь одоо бүтнээрээ эмнэлгүүдийн агуулахад хэвтэж байгаа.
  • Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Үүнээс хэдхэн ширхгийг л зарцуулсан. Иймэрхүү алдааг шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй.
  • Хэвлэл мэдээлэлтэй холбоотой 2.1 тэрбум төгрөгийн гэрээг 240 гаруй газартай байгуулсан байна. Энэ нь хууль сурталчлах байсан уу, хаалтын гэрээ байсан уу гэдэг нь асуудалтай. Гэрээ байгуулсан компаниудаас 10-ыг сонгоод үзэхэд найм нь 2021 онд байгуулагдсан байгаа юм.
  • Цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөл рүү төсөв нь илүү гарч хамаагүй зүйлд зарцуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барих зураг төсөв хийлгэсэн байна.

Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийн үнэн зөв эсэхэд шинжээч томилох хэрэгтэй, цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудлууд маш их бий.  20 их наяд төгрөгийн зарцуулалтын тайланг ил болгох асуудал яригдаж байна” гэв.

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Яг ямар эмчилгээ хийсэн болоод нэг хүнд 8 сая төгрөг зарцуулав гэдгийг олон нийт мэдэх эрхтэй” гэдгийг тодотгосон.

Холбоотой мэдээ